Ч.Даваабаяр: МҮОНТ Энэ жилийн баяр наадмыг илүү хүртээмжтэй шинэлэг байдлаар олон цэгээс шууд дамжуулан үзүүлнэ
2013/07/07
МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр: Энэ жилийн баяр наадмыг өмнөх жилүүдийнхээс илүү ололт дэвшилттэй, шинэлэг санаагаар баяжуулсан хүртээмжтэй, шуурхай дамжуулан үзүүлнэ. МҮОНТ-ийн яг одоо ажиллаж байгаа үндсэн техник хэрэгсэл болох Аналог тоног төхөөрөмжүүдийг бүрэн хүчин чадлаар нь энэ наадмын үйл ажиллагааг шууд дамжуулахад ашиглана.
Телевизийн байнгын үнэнч үзэгчдийн хувьд тоон технологид шилжихийг хүлээж байна. МҮОНТ тоон системд шилжихэд бэлэн үү?
-Мэдээж тодорхой хугацаанд аналог болон тоон системээр хамтад нь нэвтрүүлгээ цацна. Япон улс тоон системд шилжих гэж бүтэн 8 жилийг зарцуулсан байдаг. Монгол улсын хувьд шинэчлэлийн Засгийн Газар тоон системд 100% шилжүүлэх энэхүү ажлыг 3 жилийн дотор багтаан хийхээр төлөвлөн ажиллаж байгаа. Түүнээс өмнө техникийн шинэчлэл хийх, дахин дамжуулалтын асуудлыг цэгцлэх гэх мэт шийдвэрлэх асуудал олон байна. МҮОНТ-ийн хувьд дэлхийн техник технологийн дэвшил болох тоон технологи, НD форматаар нэвтрүүлгээ гаргахын тулд гадаадын олон орны мэргэжилтнүүдийг урьж хамтран ажиллаж байна. Энэ жил манай хамт олон Улсын баяр наадмыг 7 сарын 10,11,12,13-ны өдрүүдэд шууд дамжуулан үзүүлэхээр тусгай програм гарган бэлтгэл ажлаа хангалаа. МҮОНТ-ийн яг одоо ажиллаж байгаа үндсэн техник хэрэгсэл болох Аналог тоног төхөөрөмжүүдийг бүрэн хүчин чадлаар нь энэ наадмын үйл ажиллагааг шууд дамжуулахад ашиглана. Энэ бол ямар нэг техник технологийн шинэчлэл биш шүү дээ. МҮОНТ-д техник технологио шинэчлэх, тоон ситстем,HDформатад шилжих бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ дашрамд дуулгахад сая 7 сарын 1-нээс эфирээ тоон сигналаар өгч эхэллээ. Энэ тоон сигналыг хөдөө орон нутагт тэр тусмаа Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн төвүүд болон бусад 48 сумдад зөвхөн МҮОНТ-ийг тоон технологиор хүлээн авч үзэх боломжтой болсон. Гэхдээ мөн Аналог системээр ч бас үзэх боломжтой хэвээрээ байгаа. Үүнээс гадна манай телевизийн нэвтрүүлгийг хиймэл дагуулаар буюу DDISH компаниар, олон сувгийн үйлчилгээ эрхлэгчидболон кабелийн сувгийн телевизүүдээр, мөн Радио телевизийн сүлжээ компанийн хариуцан ажилладаг 379 станцаар дамжуулан Монгол орон даяар өргөн нэвтрүүлгээ цацаж байна.
-Энэ он танай байгууллагын хувьд шинэчлэлт өөрчлөлтийн жил болох нь ээ. Оюуны өмчид нэвтрүүлгүүдээ бүртгүүлэхээр хүсэлтээ явуулсан гэсэн. Хэдэн нэвтрүүлэг бүртгүүлж байгаа вэ?
Ер нь оюуны өмчийн асуудал нэлээн хурц яригддаг асуудлын нэг болсон шүү дээ.Ямар ч айл өрх өөрийн эд хогшлоо бусдад алдчихаад, эсвэл хэн нь ч хамаагүй аваг гээд сууж байдаггүй биз дээ. Түүнтэй адил манай байгууллага энэ 46 жилийн түүхэнд бүтээсэн нэвтрүүлгийнхээ нэрийг алдахад л хамт олны хийсэн бүтээлийг тэр чигээр нь алдах дээр тулдаг. Иймээс МҮОНТ-ийн брэнд болсон нэвтрүүлгүүдийг Оюуны өмчийн газарт бүртгүүлж100 гаран нэвтрүүлэгтээалбан ёсны барааны тэмдгийн гэрчилгээ авсан.Тухайлбал үзэгчдийн үзэх дуртай олон ангит кинонууд, “Агшин”, “Дөрвөн бэрх”, “Цагийн хүрд”, “Эргэх дөрвөн цаг”, “Өглөө хөтөлбөр”, “Гэрэлтэй цонх”, “Хариулахгүй ч байж болно”, “Эрийн хийморь”, “Цэнхэр дэлгэц”, “Эх сурвалж”, “Мазаахай” гэх зэрэголон нэвтрүүлэг байгаа.Мөн “MNB” гэсэн логог Оюуны өмчийн газарт бүртгүүлээгүй байсныг он гарсны дараа бүртгүүлж патентаа авсан. Ингэж бренд нэвтрүүлгүүдээ патентжуулж авснаараа зөвхөн нэвтрүүлгээ дэлгэцээр гаргаад өнгөрөх биш тухайн нэрээр ямарч үйлчилгээ хийж болох эрх нь баталгаажих юм.
- Өнгөрсөн 4,5 сард танай байгууллагынхан телевизийн гаралттай холбоотой сурвалжлагыг удаа дараа цуврал маягаар бэлтгэн хүргэлээ. Нээрэн л би телевизийнхэн нэвтрүүлгээ муу гаргаад байдаг юм байх гэж боддог байсан. Радио, телевизийн гаралттай холбоотой асуудлыг цэгцлэх цаг нэгэнт болсон шүү.
Манай олон нийттэй харилцах албанд ирүүлдэг олон санал гомдолтой бид байнга танилцаж асуудлыг шийдвэрлэдэг. Хамгийн их ирдэг гомдол бол телевизийн гаралтын чанар муу байгаа байдал. Үзэгчид МҮОНТ-ийг үзэх сонирхол, хэрэгцээ нь байдаг ч нэвтрүүлгийн гаралт, радиогийн сонсголт муу байгаагаас иргэд бухимдах нь ихэссэн. Гэхдээ энэ бол ганцхан МҮОНТ-ийн асуудал биш юм. Орон нутагт цацагдаж байгаа өргөн нэвтрүүлгийн 6 телевизийн гаралтын чанартай холбоотой асуудал гэж ойлгох хэрэгтэй.
Хөдөө орон нутагт радиогийн сонсголт, олон нийтийн үндэсний телевизийн нэвтрүүлгийн гаралтын чанар, РТСУТҮГазрын тоног төхөөрөмжийн ашиглалтын байдал, дуу дүрсийн дамжуулалтын стандартын хэрэгжилт, аюулгүй ажиллагааг хангаж буй байдалд болон телевиз, радиогийн нэвтрүүлэх станцын долгионы тархалтын хэмжилтэд мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан шалгалт хийсэн. Нийслэлийн Цайз захын орчим, Гацуурт, Баянхошууны баруун зүүн салаа, Өлзийт хороолол, Био комбинат, шар хадны зарим нэг хэсэг, Чингэлтэй дүүргийн хойт захын хороод, зуслангууд, мөн Төв аймгийн Баянчандмань, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Шаамар сум, Дархан-Уул аймгийн Баруун-Хараа сум, Дархан-Уул аймгийн Дархан хот, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Булган аймгийн Булган хот, Архангай аймгийн Цэцэрлэг хот, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хар Хорин сумдад байрлах дахин дамжуулах нэвтрүүлэх станцуудад хэмжилт, шалгалт хийгээд ирлээ.
-Шалгалтаар ямар зөрчил дутагдал илрэв. МҮОНТ-ийг сайн үзэж чадахгүй байгаа шалтгаанууд юу байна?
Сүүлийн 10 жилд ийм хамтарсан хэмжилт шалгалт хийгдээгүй байсан гэж хэлж болно. Энэ шалгалтаар сувгийн тэмдэглэгээ стандартын дагуу хийгдээгүй, дахин дамжуулах станцыг нам дор газар суурилуулсан учраас зарим газарт хаалттай зон үүсэж үзэгчид нэвтрүүлгээ үзэж чадахгүй болсон, мөн телевизийн нэвтрүүлгийн модуляторын давтамжийг өөрчлөн явуулдаг, телевизийн 6 сувгийн модуляторын 5 өргөн зурвасын модулятор суурилуулан тавьсан тул суваг хоорондын нөлөөлөл их байдаг зэрэг дутагдал гарсан.Энэ асуудлыг хөндсөн 10 гаруй нэвтрүүлгийг бэлтгэж үзэгчдэд хүргэлээ. Хамгийн сүүлд “Эрх зүйн хөтөч” нэвтрүүлгээрээмэргэжлийн хэмжээнд бэлтгэж өгсөн нэвтрүүлгийг эцсийн хэрэглэгчдэд хүргэхдээ дамжуулалтанд гарч байгаа зөрчлүүд ямар хууль дүрэм зөрчиж байгааг дурьдаж сэтгүүлчид маань дүгнэн ярьсан.
-Одоо цаашид ямар арга хэмжээ авах гэж байна?
Гаралтаа сайжруулахын тулд МҮОНТЗасгийн газарт хүсэлт тавьж шийдвэрлүүлэх, дахин дамжуулалтыг хариуцдаг Радио телевизийн сүлжээний газар болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэллээ. Энэ жил МҮОНТ гарахгүй байгаа газруудад гаргадаг болгох, муу гарч байгаа газрын гаралтын чанарыг сайжруулах болно. Манай радио телевизийн уран бүтээлчдийн цаг заваа барж, хөлс хүчээ шавхаж хийсэн бүтээл нь эцсийн хэрэглэгч болох сонсогч, үзэгчиддээ чанарын үзүүлэлт хангахгүй муу гарах, бүр гарахгүй, хүрэхгүй байгаа нь бидний ажил талаар болоход хүрч байна.
-Одоо тоон технологид шилжиж байна. Аналог систем дээр гарч байсан алдаа дутагдал ахиад л гарч иргэд нэвтрүүлгээ үзэж чадахгүй суувал хэцүү дээ?
Ер нь Монгол улс 2014 онд Телевизийн тоон өргөн нэвтрүүлэгт шилжихэд одоогийн байгаа шиг мэргэжлийн бус техникийн шийдэл хийхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.Энэ шинэчлэл зөв, чанартай хийгдэх ёстой. Эцсийн эцэст бидний хийсэн уран бүтээл үзэгчдэд энгийн хэрэглээний антенаар биш олон улсын стандартыг хангасан мэргэжлийн техник технологиор дуу дүрсний өндөр түвшинд дамжин хүрч байх ёстой шүү дээ.Нөгөө талаар үзэгчдэд тоон технологийн талаарх мэдээлэл бага байна. Ямар зурагт худалдаж авах вэ, ямар радиогоор тоон системийн нэвтрүүлгийг хүлээж авах вэ гэх зэрэг мэдээллийг бүх л хэвлэл мэдээллийнхэн, харилцаа холбооны салбарын мэргэжлийн байгууллагууд маань хамтран ажиллах, мэдээлэл хүргэх, мэргэжлийн боловсон хүчин, техникийн шинэчлэлдээ анхаарч ажиллаххэрэгтэй байна.
-Телевизийн гаралт чанар сайжирсан уу? Одоо наадмаар олон түмэн МҮОНТ-ийг саадгүй үзэж чадах болов уу?
Ер нь гаралтын чанар харьцангуй сайжирсныг иргэдээс ирдэг санал гомдол багассантай холбон тайлбарлаж болно. Энэ жилийн улсын баяр наадмыг сонирхолтой, хүртээмжтэй, шуурхай байдлаар хүргэхээр хамт олноороо нэг зүрх сэтгэлээр ажиллаж байна. Улсын баяр наадмыг 7 сарын 10,11,12, 13-ны өдрүүдэд орон даяар шууд дамжуулан үзүүлэхээр тусгай програмын дагуу бэлтгэлээ базаагаад үндсэндээ дууссан.Ингэхийн тулд өөрийн телевизийнхээ 600 их студид болон Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын талбайд тусгайлан тайз засаж 4 цэгээс нэгэн зэрэг явуулын 4 станцаар урлагийн тоглолт, спортын алдартнуудын яриа, сонирхолтой арга хэмжээг шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэлээ базаагаад байна.
-Наадмын цэгүүдэд 4 студи засаж шууд дамжуулалт хийж байгаа анхны тохиолдол байх шүү?
Ер нь манай баярын нэвтрүүлгийн 80 хувийг шууд дамжуулалт эзэлж байна.Болж байгаа арга хэмжээг тухайн үед нь л олон газраас цаг алдлагүй дамжуулаад үзүүлэх нь үзэгчидэд ашигтай. Арга хэмээг зүгээр нэг шууд дамжуулаад байхгүй л дээ. Тухайлбал шинээр цолны болзол хангасан болон шөвгийн 4-н бөх, үзүүр түрүүний бөхчүүдтэй барилдааных нь дараа шууд төв цэнгэлдэхийн тайзнаа ярилцах, ингэхдээ өмнөх жилүүдийн наадмаар хэрхэн барилдаж байсан тухай дүрс сэргээн үзүүлэх гэх мэт уран бүтээлч олон ажил наадмын хөтөлбөрт багтсан.Өмнөх жилүүдэд үзүүр түрүүний 2 бөхийг шагналаа гардаж авсных нь дараа цагдаагийн хамгаалалтанд аваад ярилцлага авах ч боломж өгөлгүй аваад явчихдаг байсан. Гэтэл тэдний сэтгэгдэл, дурсамжийг наадамчид сонсох хүсэлтэй байдгаас үүсэлтэй санаа юм л даа.
-Хүй долоон худагт морь үзэх гэж явж байххооронд бөхийн барилдаан үргэлжилж л байдаг шүү дээ. Гэтэл тэр болгоны нэг дор хүлээж авч үзэх боломж үзэгч бидэнд байдаггүй.
Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт LED дэлгэц байрлуулан баяр наадмын хөтөлбөрөө наадамчин олондоо давхар толилуулах юм. Өмнөх жилүүдэд хурдан морьдын уралдаан үзэхээр явсан хүн бөхийн барилдааны эгзэгтэй агшнуудаас хоцрох, үзэж чадахгүй байх тохиолдол байдаг байсан. Тиймээс морины бариан дээрээс бөхийн барилдаанаа үзэх, цэнгэлдэх дотроосоо шууд морь барианы үйл явцыг нэгэн зэрэг үзэх боломжтой болж байгаа юм. Явуулын 1-р станц болох “Хөх шувуу”-гаараа бид наадмын өдрүүдэд Хүй долоон худагт хурдан морьдыг гараанаас бариа хүртэл нь шууд дамжуулан үзүүлнэ. Айргийн 5 морьдын уяачид болон унаач хүүхдүүдийг мөн тусгайлан зассан студидээ урьж ярилцлага хийнэ. Уяачийн бүтэн жилийн хөдөлмөр, унаач хүүхдийн эрдэм, хичээл зүтгэл, баярын сэтгэгдлийг наадамчдад хүргэж цэгцтэй, мэргэжлийн хэмжээнд дамжуулах гэж хичээн ажиллаж байна.
-Залууст зориулсан олон арга хэмжээ Сүхбаатарын талбай орчимд болдог. Оройн арга хэмжээнүүдийг шууд дамжуулах уу?
-Нэг зүйл онцолж хэлэхэд 7 сарын 10-нд манай явуулын 2-р станц болох “VIVA”Чингисийн хөшөөний өмнө хуралдахУИХ-ын хуралдааныг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, ёслолын парад, СТӨ-нд болох Хүндэтгэлийн концертыгшууд дамжуулна. Мөн Сүхбаатарын талбайгаас баяр наадамд зориулсан тоглолт болон “Дээлтэй Монгол” наадмыг бүрэн эхээр нь шууд дамжуулна. Баярын ёслолын буудлага,лазерын шоу, бусад арга хэмжээнүүдийг ч мөн шууд дамжуулахаар төлөвлөөд байна. Улсын баяр наадамд зориулсан олон нэвтрүүлэг, жүжиг, концерт МҮОНТ-ийн нэвтрүүлгийн програмд багтсан. Телевизийнхээ гадна тусгай тайз засаж урлагийн тоглолт зохион байгуулж 600-ийн их студитэйгээ холбож теле мост хийнэ. Баярын үдэш үзэгч олноо уйдаахгүй байхаар нэвтрүүлгийг төлөвлөсөн.
-Олон сайхан мэдээ дуулгасан ярилцлага боллоо. Одоо танай наадмын хөтөлбөрийг л үзнэ дээ гэж дотроо бодож сууна?
МҮОНТ-ийг сонгон үзсэнээрээ наадамчин олон сэтгэл хангалуун байх болов уу гэж найдаж байна. “Үндэсний их баяр-Монгол наадам” гэсэн нэртэй бүтэн 4 өдрийн хөтөлбөрт нийтдээ 200 орчим уран бүтээлчид, инженер техникийн ажилчид ажиллана. Бас нэг мэдээ нэмж дуулгахад манай телевизийн www.mnb.mn гэж сайт бий. Саяхан шинэчлэгдсэн. Улсын баяр наадмыг 4 өдөр бид орон даяар тасралтгүй шууд дамжуулна. Гадаадад ажиллаж сурч, амьдарч байгаа Монголчууд маань энэ сайтаар ороод наадмын үйл ажиллагааг шууд хүлээн авахаас гадна ахин үзэхийг хүссэн гол гол агшнуудын бичлэгийг сонгож, нөхөж үзэх боломжтойгоор бэлтгэсэн. Өөрөөр хэлбэл соёолон насны морьдын уралдаан, эсвэл тавын давааны барилдаан гэдэг байдлаар бичээд нөхөж үзэж болно. Мөн Mobicom-ын хэрэглэгчид mobicom гэсэн application-ыг гар утсан дээрээ татаж авахад морь, сур, бөхийн тухай MNB-ийн мэдээлэл цаг минут тутамд текстэн хэлбэрээр ирнэ гэх мэтчилэн олон ажлыг санаачилж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингээд нийт Монголчууддаа баярынхаа өдрүүдээр МҮОНТ-ээ үзэж, өргөн дэлгэр сайхан наадахыг хүсэн ерөөе.
-Шинэ бүхний төлөөх үйлс бүхэнд тань амжилт ерөөе. Сайхан наадаарай
-Ярилцсан Л.Мөнхжаргал