Д.Нацагдорж: Хүн бүр жилийн заслаа заавал хийлгэх ёстой
2013/02/09
"Мамбадацан" хийдийн хамба лам, Монгол Улсын гавьяат эмч, профессор, гэвш, билгүүн номч Д.Нацагдорж манай сурвалжлагчийн асуултад ийнхүү хариулсныг нийтэлж байна.
-Энэ жилийн өнгийг зурхайчид янз бүрээр хэлсэн байна. Таны үгийг уншигчиддаа хүргэвэл сонин байх болов уу?
-XVII жарны "Тийн ялагч" хэмээх усан могой жил морилон ирж байна. Энэ жилийн хувьд жаахан ган гачигтай, хур бороо ховордуу, өвс ногоо тачир байх жилийн өнгө харагдаж байгаа. Тийм учраас говь, хангайн бүсэд амьдардаг хүмүүс нэлээд анхааралтай байх шаардлагатай. Гэхдээ энэ байдлаас сэрэмжилж, засч залруулах зүйл бас байна аа. Тэр нь юу вэ? гэвэл ард түмэн нийтээрээ хангай дэлхийгээ аргадаж, нутгийн зон олон өвөг дээдсээсээ уламжлагдаж ирсэн газар, усаа тахиж, буян номын ажлыг гүйцэлдүүлвээс байдал сайжрах нөхцөл бүрддэгийг хүн бүр санаж байх хэрэгтэй юм.
-Хэдхэн хоногийн дараа хаврын улирал эхэлнэ. Ер нь манай орны хувьд хавар цаг нэлээд хатуухан талдаа байдаг. Энэ хаврын хувьд ... ?
-Хавартаа салхи, шуурга ихтэй, зундаа хүчтэй бороо, мөндөр орж болзошгүй. Хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлдэг хүмүүст нэлээд хүндээр тусах магадлал байгаа. Мөн янз бүрийн халдварт өвчнөөс сэргийлэх, дээд, доод гэлтгүй албан тушаалтнууд хэрүүл тэмцлээс зайлсхийж явах нь өлзийтэй байх болно.
-Ямар жилтэй хүмүүс илүү анхаарах шаардлагатай бол?
-Сөрөг үр дагавар авчирч болзошгүй "Гүймэг" гэдэг зурхайн хэмнэл тохиож байгаа тахиа жилтэй хүмүүст нэлээд ширүүн байгаа. Бүр тодруулбал, 9, 21, 33, 45, 57, 69, 81 настай хүмүүс илүү анхаарах ёстой.
-Яаж анхаарах вэ?
-Нанжид, Жанаггагдог, Цэнд-Аюуш, Манал, Гүсүнтүгийн мандал зэрэг номуудыг уншуулж, утлага рашаанаар биеэ ариулж байвал аливаа муу зүйл зайлан одно. Мөн "Дүнсэр" буюу 7-оор өнцөгдсөн Гахай жилтэй хүмүүс байна. Тухайлбал, 1923, 1935, 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007 онд төрсөн хүмүүст илүү хамааралтай. "Дүнсэр"-ийн засал хийлгэх буюу Нанжид, Жанаггогдог, Дашзэвэг, Цагаан шүхэрт, Хамчунагва, Манал, Цэнд-Аюуш, Аюушийн Чог, Дорждэрэм зэрэг номуудыг уншуулахад алзахгүй. Мэдээж жил орж байгаа хүмүүс жилийн болоод мэнгэний заслаа сайн хийлгэх хэрэгтэй.
-Та Нашидүрсүм, Шишид гэж ярилаа. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Нашидүрсүм гэдэг нь "өвдөнө, үхнэ, хүүр болно" гэсэн гурван муу зүйлийн илэрхийлэл бол Шишид нь мөн л муу зүйлтэй холбогдсон ойлголт. Нашидүрсүм нь гахай, Шишид нь хулгана, бич жилтэй хүмүүст хамаарагдана. Шишид тохиосон хүмүүс "Ногоон дарь эх"-ийг сайн уншуулах хэрэгтэй. Дашрамд хэлэхэд энэ жил 5 шар мэнгэтэй хүмүүсийн мэнгэ голлож байгааг анхаараарай.
-Зарим хүмүүс засалаа хийлгэлгүй өнгөрдөг. Ямар нэг муу үр дагавар байх уу?
-Зурхайн ухаан гэдэг нь гудамжинд суудаг хүмүүсийн ойлголт биш. Ямар ч хүн байлаа, тухайн жилийнхээ засалыг заавал хийлгэх ёстой. Магадгүй, танд нэг их юм мэдэгдэлгүй өнгөрсөн байж болно. Харамсалтай нь хэдэн жилийн дараа заавал муу үр дагавар ирдэг. Тийм учраас жилийн засал чинь энэ бүх муу зүйлээс хамгаалдаг юм шүү дээ.
Та cap шинэдээ сайхан шинэлээрэй.
МЗЭ-ийн шагналт зохиолч, дэд хурандаа Г.Баатарнум
Эх сурвалж: “Соёмбо”