Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль болоод өнгөрлөө. Дахин сонгогдсон Ц.Элбэгдорж удахгүй тангаргаа өргөж сүрийг үзүүлэхээр бэлдэж байна. За энэ ч яах вэ нэг өдрийн л ажил.

Харин түүний улс орныхоо төлөө юу хийх вэ гэдэг хамгийн чухал асуудал болоод байна.

Монгол улс цаашдаа хэрхэн хөгжих вэ? Шуудхан хэлэхэд монгол улсын хөгжил ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос шууд хамаараад байна. Түүний гарт цагдаа, цэрэг арми, АТГ, Шүүх, Прокурор болон цаашлаад засгийн газар бүхлээрээ багтаж байна. Энэ их эрх мэдлийг зөв ашиглавал улс орныг хөл дээр нь босгож чадна. Ерөнхийлөгчийн өөдөөс тэмцэх хүчтэн өнөөдөр монголд алга. Тэр одоо хэмжээгүй эрхт “эзэн” болжээ. Ц.Элбэгдорж эрх мэдлийг яаж ашиглахаа Н.Энхбаяраас ч илүү мэддэг бөгөөд ашиглаж, хэрэгжүүлж ч чаддаг авъяастай.

Одоо энэ хүн хэн болохоо, юу хийж чадахаа ард түмэндээ харуулах дөрвөн жил түүний өмнө байна.

Олон хүн түүнд найдаж байна. Анх санаачлан эхлүүлсэн ардчилсан хувьсгалынхаа дутууг гүйцээж, алдаагаа зас гэж байна. Зарим нь ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгааг хийж авлига хээл хахуул болон өнөөдрийн нийгэм дэх болохгүй бүтэхгүй бүхнийг засаж залруул хэмээн шаардаж байна. Дүр эсгэсэн ардчиллын багийг хуулж жинхэнэ ардчиллыг байгуулахыг олон хүсэж байна. Олон захиас, их итгэл найдвар өгөн Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгчөөр дахин сонгосон. Өөрийнхөө хүчээр биш ард түмний дэмжлэгээр энэ албан тушаалд суусан гэдгээ тэр хамгийн түрүүнд ухамсарлах ёстой.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юу хийх вэ? Түүнээс монголын хувь заяа хамаарна гэдгийг дахин хэлье. Бялдууч, бөгс долоогчдоор тойрон хүрээлүүлээд, хоосон магтаал, худал зусардалтан дунд дөрвөн жилийг өнгөрөөж, ард түмнийхээ хараалыг идэх үү эсвэл  2050 он хүртэлхи Монгол улсын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан, түүнийгээ өөрөө гардан зохион байгуулж, түүхэнд нэрээ үлдээх үү. Алийг нь сонгох вэ?

Өмнөх ерөнхийлөгч асан, одоо аавынд байгаа Н.Энхбаяр бялдууч, бөгс долоогчдоор өөрийгөө тойруулан ард түмнээсээ тасарч өөрийгөө Чингис хааны хойд дүр хэмээн өргөмжлүүлэх хэмжээнд солиорч байсан. Энэ бол бодит түүх. Энэ түүхийг дахин давтах уу.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ц.Элбэгдорж ард түмний хүсэн хүлээсэн хэмжээнд ажиллаж чадаагүй. Ерөнхийлөгчийн албан тушаал гэдэг маш их эрх мэдэл. Энэ албан тушаалд очсон хүн бүр монголын хамгийн их эрх мэдэлтэй хүн болж хувирдаг. Тиймээс түүнд эрх мэдэл дутаагүй. Харин сэтгэл дутсан байж магадгүй.

Хамгийн том амлалт болох шударга ёсыг тэр бий болгож чадаагүй. Харин шударга ёс тогтоогчын дүр эсгэж, жижиг жараахайнуудыг шоронд хийснээс өөр зүйл хийсэнгүй. Харин энэ дөрвөн жилд өнгөрснөө давталгүй ёстой “илүү эрчээр, илүү хөгжил рүү” зүтгэх хэрэгтэй. Үүний тулд хүн төрөлхтний хөгжлийн загваруудыг судалж үзсэний үндсэн дээр Монгол улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, стратегийг боловсруулан өөрөө удирдан жолоодох хэрэгтэй. Үүний тулд улс төр, эдийн засаг, нийгмийн онолчдыг дэргэдээ авч ажиллуулах нь чухал. Мэдлэг чадварыг ашиглаж чадсанаар улс орон хөгждөг гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс Ц.Элбэгдоржийг загасчны бяцхан тосгон байсан Сингапур орныг хөл дээр нь босгож дэлхийд данстай улс болгосон  Ли Куан Юүтэй адилтгаж байсан. Энэ арай эртэдсэн бөгөөд яаран хийсэн адилтгал.

            Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоныхоо дараа ард түмэндээ хандан “Би энэ дөрвөн жилийн хугацаанд дөчин жилийн ажлыг хийнэ” хэмээн амлан хэлсэн. Одоо олон юм ярьж, шоудалгүй шууд л ажлаа эхлэх хэрэгтэй. Ажлаа тав таван жилээр төлөвлөж, эхний таван жилд хийх ажлуудаа зарлах хэрэгтэй. Ард түмэн уран үгэнд биш үр дүнд дэмждэг.

            Эзний алба ээлжтэй, хааны алба халгаатай гэдэг. Ерөнхийлөгчийн албан тушаал хугацаатай. Дөрвөн жил юм хийж бүтээе гэсэн хүнд дэндүү богино хугацаа. Харин өөрийнхөө төлөө, бусдаар магтуулах дуртай хүмүүсийн хувьд дэндүү урт хугацаа. Ийм хүмүүс улс орныг сүйрүүлдэг.

            Энэ дөрвөн жилд Ц.Элбэгдорж ёстой Ли Куан Юү шиг өөрийгөө мартан ажиллаж чадвал шинэ үеийн түүхэнд өөрийгөө мөнхөлж чадна. Түүний хийх ажил Монголын төрийг хулгайчдаас цэвэрлэхтэй зэрэгцээд хөгжлийн стратегийн дагуу монгол орныг таван бүс болгон мэдлэгийн аж үйлдвэрийг хөгжүүлэх. Энэ бол түүнийг монголын түүхийн соруудтай нэгэн зиндаанд аваачих алтан боломж.

Эсрэгээр нь ирэх дөрвөн жилийг өнгөрсөн дөрвөн жилийнх шиг шоудаж, худал ярьж, эрх мэдлээ хувийн зорилгынхоо төлөө ашиглавал Н.Энхбаярын араас орно. Хичнээн их эрх мэдэлтэй байна тэр хэмжээгээр нүгэл үйлддэг гэсэн үг бий. Тиймээс баатар болох уу эсвэл ялтан болох уу гэдгээ энэ дөрвөн жилд шийднэ. Ц.Элбэгдоржийг ард түмэн анхааралтай харж ажиглаж байна.

 

Монгол Үндэстний Хүсэлд Нэгдэх Хөдөлгөөний тэргүүн: Б.Буджаргал