Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн харьяа “БИЛИГ” дээд сургууль энэ жил урлагийн салбартаа дуулаач, тайз дэлгэцийн жүжигчин, Монгол хөөмэйн мэргэжлээр шинээр элсэлт авах гэж байгаа  юм байна.

Өнөөдөр Монгол улсад урлагийн сургууль нэлээдгүй байдаг. Энэ сургууль бусад сургуултас юугаараа ялгарч, Монгол улсын урлагийн салбарт цойлсон мэргэжилтэн бэлдэх бол..? Энэ л хамгийн сонин бөгөөд сайхан санагдлаа. Элсэлтийн шалгалтаа 2013 оны 7 дугаар сарын 5-10-ний өдрүүдэд төв хичээлийн байрандаа авч байгаа юм байна. Шалгалтын явц дундуур тус сургуулийн зөвлөх багш Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн найруулагч  Ч.Ганхуягтай  ярилцлаа.

 

-       Шинээр урлагийн тэнхим байгуулан, элсэгчдээ шалгаруулан бүртгээд ажил ихтэй л байгаа харагдана. Авьяастай хүүхдүүд их ирж байна уу?

 

-       Бид энэ жил анхны элсэлтээ авч байгаа хэдий ч хүүхдүүд олноороо ирж бүртгүүлэн ур чадварын шалгалтанд орж байна. Энэ олон хүүхдүүд дотор авъяас нь багтаж ядсан нэг нь байхад арай тааруухан нэг нь байх л юм. Ер нь бол манай Монголчууд чинь бүгдээрээ л их бага хэмжээгээр авъяастай шүү дээ.

 

-       Урлагийн сургууль Монгол улсын хэмжээнд цөөнгүй байгаа. Тийм болоод ч тэр үү, чанаргүй боловсон хүчин их гарах болсон цаг. Хатуухан хэлэхэд урлаг гэдгийг ойлгоо ч үгүй урлагийн мэргэжилтнүүд олноор төрөх болжээ. Гэтэл дахиад нэг урлагийн сургууль нээгдлээ гэх юм. Яагаад урлагийн чиглэлээр боловсрол олгохоор шийдэв ээ? Зоригтой алхам шиг санагдлаа. Мөнгө олно л гэж тооцоолоогүй байх гэж бодож байна?

 

-       Олон сургууль энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэж байна. Өрсөлдөөн ч бас яггүй байна. Мэдээж алдаа оноо байгаа. Муу боловсон хүчингүүд зах зээлд нийлүүлэгдэж байна. Үнэн. Энэ асуудал үнэхээр тулгамдсан асуудал гэвэл мөнөөсөө мөн. Бид магтуулах гэж энэ тэнхимийг байгуулаагүй. Асуудлыг хамтраад шийдье, буруу байвал зөв болгохын төлөө зүтгэе. Эцсийн эцэст урлагийн сургууль төгсөөд худалдагч бологсдын тоог цөөрүүлж сайн уран бүтээлчийг төрүүлэхэд л бидний зорилго оршдог доо.

 

-       Тэнхимээ нээчихлээ. Оюутнуудаа элсүүлчихлээ. Одоо жинхэнэ асуудал үүсч эхэлнэ. Байр сав, сургалтын бааз, техник тоног төхөөрөмж, багшлах боловсон хүчин гээд...? Ялангуяа хэдэн урлагийн сургууль нь сортой, чадалтай, ахмад дунд үеийн бүхий л уран бүтээлчдийг түүгээд авчихсан байдаг юм билээ. Танай сургуулийн хувьд энэ ч асуудал л болж байгаа байх?

 

-       Сургалтын байр сав, тоног төхөөрөмж энэ тэр бол манайд асуудал биш. Боловсон хүчний хувьд ч санаа зовоод байх зүйл байхгүй ээ. Бид багш нартаа хамгийн сайн нөхцлийг санал болгож байгаа. Хамгийн гол нь оюутан нэг бүрийн төлөө ажиллаж тэдэнд сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй. Сэтгэл гэдэг юм хамгийн эрхэм зүйл шүү дээ.

 

-       Ер нь шалгалтанд ирж байгаа хүүхдүүдийг харахад манай хүүхдүүдийн хувь хүн талын мэдлэг боловсрол ямархуу хэмжээнд ажиглагдаж байна вэ? Эхлээд хүн бол гэсэн нэг сайхан үг байдаг даа. Миний бодлоор хүн болж байж дараа нь урлагт орох байх шүү.

 

-       Хүн бол цаг үеийн толь шүү дээ. Тийм болохоор эднийг өөрийнхөө өнгөрсөн цаг үерүү хүчээр түлхэж аливаа зүйлийг тулгах хэрэггүй гэж багш хүний хувьд үздэг. Харин хүн төрөлхтөний нийтлэг дагаж мөрдөх ёстой харилцааны хэм хэмжээг шаардана.  Мөн хайрлах хүндлэх бол хүн байхын их том үзүүлэлт. Тийм учраас энэ сургуулийн үнэт зүйлийн тухай ярих болвол хүндлэл, ёс суртахуун байх болно.

 

-       Та уран бүтээлийнхээ дээжээс хуваалцахгүй юу? Сүүлийн үед нам жимхэн аж төрөөд ч байх шиг. Гэтэл их сургуульд урлагийн тэнхим нээчихсэн жирийж явах юм. Би авьяастай хүмүүсийг өөрийнхөө уран бүтээлийг хийж, тэрийгээ тордож, арчилан, олон түмэнд хүргээсэй гэж хүсдэг юм?

 

-       Миний уран бүтээлийг ард түмэнд жинхэнэ утгаар нь хүргэх уран бүтээлч хэрэгтэй байна.  Тэгээд л.. Маш олон уран бүтээл бэлэн болоод байгаа. Удахгүй үзэгч олондоо хүргэнэ.

 

-       Тэгэхээр та Монголдоо гайхагдсан шилдэгүүдийг бэлтгэнэ гэдэгтээ итгэлтэй байх шиг байна..?

 

-       Тийм шүү. Бид оюутан нэг бүртээ тулж ажиллана. Манай сургуулиас шилдгүүд төрөх цаг удахгүй. Үүнд ах нь итгэлтэй байгаа шүү.

 

-        Танд баярлалаа. Амжилт хүсье.

 

Ярилцсан Н.Биндэръяа