Дуулианы эзэд хаана явна
2013/07/08
/Цуврал/
Г.Сангарагчаа ач охиноо харж байна
Төрийн нууц задруулсан, гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн хэрэгт буруутгагдан шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон АТГ-ын дарга асан Г.Сангарагчаа өдгөө Хан-Уул дүүрэгт гэр бүлийн хамт амьдарч байна. Тэрээр одоогоор ямар нэгэн ажил хийлгүй, ач охиноо харан гэртээ амарч байгаа аж. Хааяа Майхан толгой дахь зуслангийн байшиндаа очдог. Г.Сангарагчаа АТГ-ын дарга байхдаа өөрийн ажилтан Э.Амарбатыг тагнасан, улсын нууц задруулсан, гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн нэр төрд халдсан хэргээр долоон сар Зайсан дахь дамжин өнгөрүүлэх хорих ангид ял эдэлсэн юм. Харин Улсын дээд шүүхээс түүний ялыг нь биечлэн эдлүүлэх шаардлагагүй хэмээн үзэж нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар болсоноор тэрбээр 2011 оны аравдугаар сарын 26-нд суллагдсан билээ.
Г.Сангарагчаа энэ байранд амьдардаг
Ц.Чимэдцэрэн ердөө 900 сая төгрөгийн өр барагдуулжээ
Улсад 14 тэрбум 900 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр аавынд суугаад өнгөрсөн хавар суллагдсан “Хадгаламж” банкны ерөнхий нягтлан бодогч асан Ц.Чимэдцэрэн өдгөө Сонгинохайрхан дүүрэгт эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт амьдарч байна.
Хэдийгээр тэр ялаа эдэлж, магадланд орж суллагдсан ч улсад учруулсан 14 тэрбум төгрөгийн хохирлоосоо өдгөө дөнгөж 900 сая төгрөгийн өрийг барагдуулаад байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгчид түүний эхнэрийнх нь эзэмшлийн Төрийн ордны хойд талд байрлалтай орон сууц болон хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийг нь хураан авч улсын орлого болгожээ.
Түүнээс гадна улсад учруулсан хохирлын үлдэгдэл болох 13 тэрбум нэг зуун сая төгрөгийн өрийг төлүүлэхээр өдгөө нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөрөнгийнх нь шинэчилсэн бүртгэлийг хийж, нууц хөрөнгө байгаа эсэхийг нягталж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээллээр Ц.Чимэдцэрэн саяхан албаны гадаад паспортоор хил нэвтрэх хүсэлтэй байгаагаа хуулийн байгууллагад илэрхийлсэн ч 13 тэрбум төгрөгийн өрөө барагдуулахаас нааш хилийн дээс алхаж болохгүйг түүнд хууль хяналтынхан сануулжээ.
Д.Сүрэнхор хүүхдүүдээ асарч байна
Нэг хэсэг дуулианы эзнээр тодорсон Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор ШШГЕГ-ын 405 дугаар хорих ангиас өнгөрсөн жил суллагдсан юм.