Үлгэр дуурайлал болсон “царайлаг” “Талх чихэр” ХК
2015/09/29
Энэ оны нийслэлийн шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэвэр цэмцгэр байгууллага, аж ахуй нэгжийг шалгаруулах “Цэмцгэр-Улаанбаатар” хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр Чингисийн талбайд боллоо.
Улаанбаатар хотын 376 жилийн ойг угтан зарласан энэхүү уралдаанд нийтдээ 19000 гаруй байгууллага оролцсон байна. Үүнээс эхний шатанд 631 аж ахуй нэгжийг шалгаруулжээ. Хоёрдугаар шатыг олон нийтийн цахим сайтаар, иргэдийн саналаар тодруулсан бөгөөд 148 байгууллага хоёрдугаар шатанд үлдсэн байна. Ингээд эцсийн шатанд нийт 77 байгууллагыг 28 номинацид шилдгийн шилдгээр тодруулж, Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай аж ахуйн нэгжээр нэрлэв.
Уралдаанд оролцсон бүх төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд нийлээд 45 тэрбум гаруй төгрөгийн тохижилтын ажил хийж, 33,4 га талбайд ногоон байгууламж барьсан аж.
Тус уралдаанд үндэсний үйлдвэрлэгч “Талх Чихэр” ХК нийтдээ 2 тэрбум гаруй төгрөгийн тохижилтын ажил хийж, 3100 м2 талбайд зүлэг, мод, бут, цэцгийн мандлыг тарьж ургуулсан үзүүлэлтээрээ Тэргүүн байранд шалгарч 2015 оны “Нийслэлийн Шилдгийн шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага” боллоо.
СХД-ийн 29-р хороонд байрлах “Талх Чихэр” ХК нь дүүргийнхээ төдийгүй нийслэлийнхээ өнгө үзэмжинд хувь нэмэр оруулж жил бүрийн өвөл болон хаврын улирлуудад хүүхэд багачууддаа зориулан “Мөсөн хотхон” байгуулан нийслэлчүүдийн чөлөөт цагаа очиж өнгөрүүлэхээр зорьж очдог газруудын нэг болгоод байна.
Мөн түүнчлэн байгууллагын ойр орчмын зам, талбай, зогсоол, хашаа, ТаЧи цэцэрлэгт хүрээлэн гээд шинээр тохижуулалт хийгдсэн ажлуудыг дурьдах нь зүйтэй. Компанийн доторх хүлээн авах хэсэг, харуулын байр, нэвтрэх хэсэг, үүд хаалга, өргөтгөл, фитнесс төв, сургалтын танхим, ногоон байгууламж бүхий тагт, автомашины зам, хаягжилт, хог хаягдлын менежмент, ангилан ялгалт бүхий хогийн цэг гээд дотоод тохижилтууд нь ажилчдынхаа ая тухтай орчинд ажиллах нөхцөл боломжоор хангах, нөгөөтэйгүүр амралт чөлөөт цагийг эрүүл орчинд зөв боловсон өнгөрүүлэх таатай орчинг бүрдүүлж өгч байгаа юм.
Тохижилтын уралдаанд тэргүүлсэн “Талх Чихэр” ХК-ийн талаар СХД-ийн 29-р хорооны иргэдийн сэтгэгдлийг сонссон юм.
27а байранд оршинсуугч А. Галт:
Тус хороонд амьдраад 10 гаруй жил болж байнаа. “Талх Чихэр”сүүлийн жилүүдэд тохижилт бүтээн байгуулалтын ажил их хийж байгаа. Анх 29-р хороонд ирж байхад гаднах нь улаан цагаан өнгөтэй гандсан хуучирсан байдалтай үйлдвэр байсан. Ойр орчмын зам талбай нь ч шороон замтай хашаа нь төмөр хашаатай байсан. Одоо бол шил толь гялалзсан, цоо шинэ үйлдвэр шиг л харагддаг болсон. Бас жил бүр буудлын хажуу талын Мөсөн хотхонд хүүхдүүд маань очих дуртай.
29-р хорооны Москва хорооллын 3-р байрны өндөр настан:
Анх 1984 онд Талх Чихэрийн Комбинат нэртэйгээр байгуулагдсанаас хойш эмээ нь мэднэ. Жил ирэх тусам өнгө зүсээ сайжруулж байгаа ялангуяа сүүлийн жилүүдэд үйлдвэрийн өнгө үзэмжиндээ эрс шинэчлэлт хийж мэдэгдэхүйц бүтээн байгуулалтуудыг хийгээд байгаа. Хөгшчүүл хүүхдүүд бидэнд зориулаад ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэн байгуулсан нь хотын бохирдолтой агаарыг эрүүлжүүлэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулж байна гэж бодож байна. Удахгүй ахмадын баяраар хорооныхоо ахмадуудыг хорооны ажилтнуудтай хамтран хүлээж авах гэж байгаа гэж сонссон. Талх Чихэр ХК-ний хамт олонд энэ сайхан буянтай ажлынхаа үр шимийг байнга хүртэнэ гэдэгт итгэлтэй байна.
1-р байрны оршин суугч:
Би өглөө бүр хүүхдээ салхилуулдаг. Талх Чихэрийн үйлдвэрийн бүтээгдэхүүний гарч байгаа үнэр их сайхан санагддаг. Яагаад гэвэл энэ хавиар цэвэрлэх байгууламжийн эвгүй үнэр зун үнэртдэг. Талх Чихэрийн ойр орчмоор эдний бүтээгдэхүүний үнэр нь үнэртээд их сайхан байдаг юм. Тиймээс эдний ойролцоо өглөө бүр хүүхдээ салхилуулаад суухад таатай байдаг юм. Бас ойр орчин нь ч их цэвэрхэн, ер нь их сайхан энергитэй үйлдвэр шүү дээ. СХД-тээ төдийгүй нийслэлдээ нэр хүндтэй “царайлаг” компани шүү.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх