Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх үйл ажиллагаа  Төрийн ордны өмнөх Эзэн Чингис хааны цогцолборын өмнө  дөнгөж сая боллоо.  Зохион байгуулалт сайтай сайхан л болж өнгөрлөө.

Гэхдээ Төрийн тэргүүний зарим үг, үйлдэл тун гоомой байсан юм.  Хоёр жишээг л өгүүлье.  Ерөнхийлөгчийн  тангараг өргөж дуусахтай зэрэгцэн Төрийн дуулал эгшиглэв.  Тэгтэл Ерөнхийлөгч маань зүрхэн тушаа гараа тавьсангүй ээ... Нүүрэндээ улаа бутруулан, хурсан олон дунд хэн хэн байна гэсэн шиг л харж зогслоо.  Уг нь Төрийн дуулал бол улс орныхоо сүр хүчин онцлогийг билэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл төрийн дуулал нь Монгол төр бат бөх оршин тогтнох, нугаршгүй хүчтэй байх, төрийн үйл хэрэг тасралтгүй үргэлжлэхийн өнө мөнхийн билэгдэл .  Тиймдээ ч эх орныхоо төрийн дуулалыг  явахад хүн бүр зүрхэн тушаа гараа тавьж, хүндэтгэл үзүүлэн, эх орноо чин сэтгэлээсээ хайрлаж байгаагаа илэрхийлдэг. Энэ нь бүүр иргэний эрх, үүрэг, ёс  болсон.  

Харин Ерөнхийлөгч маань  хурдан дуусаасай гэсэн байдалтай нүүрээ улалзуулсаар  зогсов.  Энэ бол Монгол улсаа, иргэдээ үл хүндэтгэсэн хэрэг мөн. Өөрөөр хэлбэл тангараг өргөх ёслол дээрээ ийм ёс зүйгүй үйлдэл хийсэн нь даанч харамсалтай.

Үүгээр ч зогсохгүй  Төрийн дуулал дуусахад урт амьсгаа авч ашгүй гэсэн шиг суухын түүс болж,  хурсан олон, эзэн хааны хөшөөнд дутуу хагас мөргөсөн болов.  Харин суусан хойно нь цэцэг өгсөн хүүхдүүдийг үнсэхийг  хүссэнгүй бололтой аваад л ширээн дээрээ овоолоод л байлаа.  Түүний энэ үйлдлийг Монгол түмэн, эх орноо хүндлээгүй асар бүдүүлэг үйлдэл байлаа хэмээн дүгнэхэд хүргэж байна.  Түүний энэ үйлдлийг   Монголчууд бид шүүмжлээд өнгөрч болох ч   АНУ, ОХУ, БНХАУ, Герман, Францын сурвалжлагч болон  олон улсын байгууллагын төлөөлөгчид ёсоо мэдэхгүй Ерөнхийлөгчийг шоглосон бизээ.  Түний энэ алдаа олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр битгий л гараасай гэж найдая.  Энэ бол түүний хийсэн гоомой үйлдлийн зөвхөн нэг жишээ. 

Одоо харин гоомой үг хэлсний  жишээг хүргэе.  Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ өөрийг нь сонгосон эмэгтэйчүүд, залуустаа л баярласан. Харин өөрийг нь сонгосон ахмад настан  болон эрэгтэйчүүдэд нэг их баярлаагүй бололтой шүү.  Үүгээр ч зогсохгүй  өөртэй сонгуульд өрсөлдсөн  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон Н.Удвал нарын цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсэв.  Үүнийг нь Б.Бат-Эрдэнэ гишүүн их л уурлан, ярвайн хүлээж авч байгаа харагдана лээ.  Харин үүнийг анзаарсан иргэд Ерөнхийлөгчөө шоглож байгаа харагдана лээ. 

Ерөнхийлөгч минь дээ... Үг, үйлдлээрээ бусдад үлгэр дуурайлал болох ёстой байж ийм хайнга байж болж байгаа юм уу даа...  Таниас болж Монголчуудыг дэлхий даяараа  “хайнга” гэж шоглох вий дээ.   

Т.Энгүүн