Ядаж долларыг хазаарлая
2015/10/05
Эдийн засаг сэхэж хүчээ авах цагийг ард иргэд хүлээсээр л сууна. Гэвч дорвитой эрчимжихгүй л байна шүү Ерөнхий сайд аа. Зуны гурван цагт ч ам.долларын ханш буурсангүй. Хичээл, сургууль орох цагийг дөхүүлж нэмэгддэг доллар өнөөдрийг хүртэл ханш нь чангарч байна.
Долларын ханш 1996-2002 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа. “ Найман шарга” зах дээр нэг долларыг 1998 төгрөгөөр, харин арилжааны банкууд 2000-2002 төгрөгөөр худалдаалж байна. Мөн экспортын орлого буурсан нь долларын ханшид нөлөөлж байгаа голлох шалтгаануудын нэг аж. Тиймээс гадаад валютын ханш өдөр ирэх тусам өсч, харин төгрөгийн ханш он гарсаар 30 хувиар унажээ.
Үүний хажуугаар хямралаасаа ойрын хэдэн жилдээ гарч чадахгүй гэх яриа газар авах болов. 2015 эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт гурван хувьтай байна. Өнгөрсөн оны эхний хагас жилийн үзүүлэлттэй харьцуулхад таван хувиар буурчээ.
Мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ буурсан, валютын хадгаламж өссөн, чанаргүй зээлийн хэмжээ өссөн зэрэг үзүүлэлт статистикчид гаргасан. Харин эдийн засагчид тоон үзүүлэлтийг хараад эдийн засаг агшсан байна хэмээн дүгнэж байгаа гэв.
Өөрөөр хэлбэл, 2004 оноос хойш уул уурхайн салбараас хамааралтай явсан эдийн засаг өнөөдөр бодит нөхцөл байдал руугаа орж ирж байгаа нь энэ ажээ. Түүнчлэн төсвийн алдагдлын хэмжээ энэ оны найман сарын байдлаар улсын төвсийн алдагдлын хэмжээ 679 тэрбум төгрөгт хүрэв. Харин өнгөрсөн оны мөн үед төсвийн алдагдал 153 тэрбум байсан юм. Ийнхүү хямралаасаа гарч сэхэл аваагүй байж байтал 2017 оноос төлөгдөх өр төлбөрийн асуудал сөхөгдөж эхлэх нь ээ.
Гурвантаа "эдийн засаг" хэмээсэн Ерөнхий сайд аа ядаж долларыг хазаарламаар байх юм.