Боксчин Х.Энхдэлгэр Универсиадын аварга боллоо
2013/07/10
Монгол түмний үндэсний их баяр наадмын өдрүүд тохиож хотол олноороо цэнгэл жаргалаар бялхан буй энэ өдрүүдэд, бидний баяр дээр баяр нэмэж ОХУ-ын Казань хотноо зохиогдож дэлхийн оюутны 27 дахь удаагийн их наадмаас /Универсиад/ Монголын ширэн бээлийтнүүд анхны аваргаа өлгийдөн авлаа.
Их наадмын боксын рингэнд эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн залуу тамирчин Х.Энхдэлгэр, ОХУ-ын шилдэг тамирчин Миша Алояныг ялж, аваргаар тодорсон нь энэ юм.
Х.Энхдэлгэр нь 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд жингийнхээ ангилалд түрүүлснээр шигшээ багт харьяалагдах болсон бөгөөд Монголын ширэн бээлийтнүүдийн амжилтыг буухиалах шинэ, залуу тамирчин юм. Тэрбээр өдгөө 18 настай. Харин түүний өрсөлдөгч Миша Алояны тухайд Лондонгийн олимпийн хүрэл медальтай, дэлхийн аваргаас алт, хүрэл медаль хүртэж байсан “архаг” тамирчин.
Лондонгийн олимпийн рингэнд хагас шигшээ шатанд Монголын боксчин Н.Төгсцогттой тулалдаж, ялагдаж байсан. ОХУ-ын боксын төлөөлөл болсон шилдэг тамирчин энэ удаад нутгийнхаа рингэнд дахин Монголын тамирчны өмнө сөхөрлөө.
Энэ жилийн Универсиад Монголын боксчидын түүхэнд шинэ хуудас нэмж буй бөгөөд анх удаа Универсиадад хүч сорьж буй боксчид долоон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос ийнхүү нэг алт, таван хүрэл медаль хүртээд байна. Сонирхуулахад, наадмын боксын тэмцээний хагас шигшээд 49 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ Узбекистаны Дусматов Хасанбоуд 3:0, 56 кг-д Э.Идэрхүү Казахстаны Рустам Рустамовт 3:0, 60 кг-д Д.Отгондалай Узбекистаны Фазлиддин Гаибназаровт 3:0, Б.Түвшинбат Узбекистаны Норматов Хуршидбект 2:1, 75 кг-д Н.Шинэбаяр Украины боксчинд 3:0 харьцаатай дийлдэж, хүрэл медалийн эзэд болсон билээ.
Ийнхүү эх оронд маань магнайн эзэд тодорсон, тив дэлхийд монголын тамирчид манлайлсан баярын өдрүүдээ сайхан өнгөрүүлцгээгээрэй.
Та бүхэн сайхан наадаарай...
bold · 2013/07/11
bayar hurgei
Зочин · 2013/07/11
goy shuu! zaluu boxer-udiin maani shine davalgaa garch irj bn da