Сүүлийн жилүүдэд манай залуучуудын дунд ихээр тэмдэглэх болсон баярын нэг болох Валентиний өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Энэхүү өдрөөр хосууд бие биедээ хайраа илэрхийлэн нэгэн өдрийг өнгөрүүлдэг. Ингээд энэ хайрын өдрийн түүхээс сөхвөл ...

Ромын хаант засаглалын үед Ромын хаадуудыг Бурхад гэж үзэж хүндлэн мөргөдөг уламжлал тогтсон байлаа. Клаудс гэдэг хааны үед Валентин гэгч нэгэн залуу амьдарч байжээ. Хэдий тэр Ром хүн боловч Христэд итгэгч хүний ёсоор хэн нэгэн хүнийг бурхан гэж тахин шүтэх нь буруу гэж итгэлээ тунхаглажээ. Энэ үед хаадыг бурхан гэж итгэдэггүй, шүтдэггүй хүнийг урвагч гэж үзэж ял оноодог байжээ.

Валентин итгэлээ бат сахиж байсан тул түүнийг цэргүүд шоронд хорьжээ. Харин Валентин итгэлээр, сэтгэлээр гуньж гутарсангүй шоронд байсан бүх хүмүүст өөрийнхөө итгэлийн тухай хуваалцаж байсан гэдэг. Улмаар түүний байгаа байдал, ярьж буй бүхэн нь шоронд байгаа хүмүүсийн болон харгалзагчдын тааллыг олж. Энэ үед шоронгийн харгалзагчаар ажиллаж байсан нэгэн хүн өөрийнхөө охины тухай Валентинд хэлжээ. Учир нь харгалзагч Валентиний Бурхан охинд нь туслаж магад гэж бодсон тул хэрхэхийг асууж. Валентин болон харгалзагч хамтран охины төлөө залбирсанд Бурхан охины нүдийг хараатай болгож өгчээ. Энэ байдлыг харсан 46 хүн улмаар Валентиний Эзэнд итгэсэн байна. 

Төд удалгүй энэ мэдээ хааны сонсорт хүрч, хилэгнэн уурласан хаан Валентинд цаазаар авах ял оноожээ. Валентин яг цаазаар авхуулахын өмнө МЭ 269 оны хоёрдугаар сарын 14-нд хайртдаа сүүлчийн зурвасаа бичиж "Валентинаас чинь" хэмээн гарын үсгээ зуржээ.

Түүнээс хойш энэ өдрийг Гэгээн хайрын өдөр буюу Valentine"s Day хэмээн хайрын тухай өгүүлсэн Валентиний нэрээр тэмдэглэх болсон байна.

ХАЙРТ ВАЛЕНТИНААС ЧИНЬ ...