Төрийг төлөөлөх ёстой улстөрчдийн “БИ” ихдэж, нийгмийг бүхэлд нь айдаст автуулж байна
2013/02/13
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Тантай урьд нь уулзаж байхад Засгийн газар байгуулагдаад 100 хоносны дараа дүгнэлт өгнө гэж байсан. Намрын чуулган өндөрлөсний хойно Засгийн газар болон парламент хэр үр дүнтэй ажилласан гэж бодож байна вэ?
-Одоогоор Засгийн газарт үнэлгээ өгөх болоогүй байна. Өнгөрсөн хугацаанд АН-ын Засгийн газар МАН-ын Засгийн газрын хийсэн ажлыг гүйцээхээр зүтгэлээ. Шинэ он гарсан учраас шинэчлэлийн Засгийн газрын шинэ төсөв орж ирж байна. Өөрөөр хэлбэл, 2013 оноос үндсэн ажил нь эхэлнэ гэж ойлгох хэрэгтэй. Хууль эрх зүйн хүрээнд бодлогын нэлээд олон ажил хийгдсэн.
Эрх баригчид маань МАН-ын гарыг маш сайн хүлж байгаад улстөрийн томилгоонуудаа хийлээ, төсвөө баталлаа, гаднаас зээлээ авлаа. Нийгмийн чанартай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлж баталлуулаа, заримыг нь батлуулах гэж оролдлоо. Гэхдээ парламент гэдэг ардчиллын амин сүнс, үнэт зүйл учраас тэд үнэнд гүйцэгдлээ.
-Үнэнд гүйцэгдлээ гэдэг нь хүчээр батлуулах гэсэн хуулийн төслүүд буцсаныг хэлээд байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Эрх баригчид ардчиллын үнэт зүйлд туйлын хортой, мөн чанараасаа ухарсан том хуулийн төслүүд оруулж ирсэн. Газрын тухай хуулийн төсөл л гэхэд газар болон өвөлжөө, хаваржааны газрын хувьчлал, иргэдийн газрыг албадан чөлөөлөх зэрэг асуудал орж ирснээ намрын чуулганы хаалтын хуралдааны үеэр албан ёсоор буцаан татаж авлаа.
Мөн хэвлэл, мэдээллийг боомилох гэж оруулж ирсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслөө бас л буцаан татсан. Иргэдийн мэдээллийг төрийн хамгаалалтаас гаргах тухай хуулийн төсөл, 1х100.000 нарийвчлалтай онц чухал нууцад ордог газрын зургийг ил болгох тухай асуудал нь мөн л уналаа. Өөрөөр хэлбэл, олон жил ярьсан үнэт зүйлийнхээ эсрэг хуулийн төсөл оруулж ирэхээр нийгмийн болон УИХ дахь улстөрийн хүчнүүдийн дэмжлэг авахгүй унаж байгаа юм.
-Гэсэн ч МАН бүлэгтэй болсон шүү дээ?
-Цөөнх бүлэггүй байна гэдэг нь Монгол Улсын ардчилал ямар хуурамч юм бэ гэдгийг харуулсан. Олон улсаас дарамт шахалт үүссэн. Үүний хүчинд бид бүлэгтэй болж, байнгын хороодод орж ажилласан. Гэхдээ хөл тушаатай хэвээрээ шүү дээ. АН-ын бүлгийн гишүүд гурван байнгын хороонд, МАН-ын гишүүн нэг байнгын хороонд орж байгаа.
Энэ нь УИХ-ын гишүүдийг ялгаварлан гадуурхаж буй хэрэг. Үндсэн хуульд парламентын гишүүн байтугай иргэдээ ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Гэтэл хууль тогтоогчдыг гадуурхаж байна. Энэ нь хаврын чуулганаар засагдах болов уу гэж бодож байгаа. Хэрвээ анзаарч байгаа бол бид бүлэгтэй болсноор сөрөг хүчнийхээ үүргийг идэвхтэй гүйцэтгэж, сүүлийн сарын хугацаанд улстөрийн нөхцөл байдал эрчимжиж, асуудлыг олон талаас нь харж, хөндсөн үйл явц өрнөсөн.
-Ингэхэд та Засгийн газар МАН-ын ажлыг гүйцээсэн гээд байх юм. Гэтэл шинэчлэлийн Засгийн газрынхан тэгж үздэггүй юм биш үү. Хийж, бүтээж буй нь тэднээр “овоглогдоод” байгаа?
-Тэгж л байг. Энэ хэмжээний үгүйсгэлийг олон түмэн ажиглаж байгаа. “Би” гэдэг нь ихдээд, “бүгдийг мэднэ” гэх нь ахадлаа. Энэ нь туйлын ноцтой асуудал. Тэр тусмаа АН-ын улстөрчдөөс “би мэднэ, шийднэ, зогсооно, хураана” гэдэг дуу хоолой гарч буй нь аймшигтай. Бид үүнээс гарахын тулд 20 жил тэмцсэн шүү дээ. Гэтэл буцаж ухраад төрийн оролцоог хэт тэлж, эдийн засаг, нийгмийн бүхий л салбар руу асар бүдүүлгээр оролцож байна.
Өөр өнцгөөс нь харвал бүхий л харилцааг төр зохицуулах гээд байдаг уур амьсгалтай болсон. Төрийг төлөөлөх ёстой улстөрчдийн “БИ” нь ихдэж, цээжээ дэлдэн, юун түрүүнд шүүх, цагдаа, барина хорино гэдэг асуудлыг тэргүүнд тавьж, нийгмийг бүхэлд нь айдас, хүйдэст автуулж, цөөхөн монголчуудаа хагаралдуулж, эвдрэлцүүлсэн уур амьсгалыг бүрдүүлсэн.
-Мэдээж энэ уур амьсгал гадаад ертөнцөд ч нөлөөлж байгаа байх?
-Сүүлийн 10 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүнд арайхийн бий болгосон гадаад хөрөнгө оруулалтын урсгал, Монголын гадаадад олсон үнэлэмжийг үгүй хийлээ. Өнөөдөр хөрөнгө оруулалт тойрч, оруулсан нь зогсч, байсныгаа татаж байна. Гадаадад гаргасан үнэт цаас сонгуулиас хойш 200-300 хувийн алдагдал хүлээж, үнэ ханш нь унаж байгаа. Хувьцаанууд чанаргүй, муу гэсэн ангилалд шилжиж байна.
Энэ нь бизнесийн орчинд маш соргогоор мэдрэгддэг. Хавар энэ мэдрэмж анзаарагдана. Аргаа бараад хөрөнгө оруулалт хүссэн бүхий л ажлаа зээлээр явуулж байна. Монголбанкнаас Засгийн газар тавьж, бондоор санхүүжүүлж, гадаадад өр тавьж эхэллээ. Дотоодоос бий болгох ажил үндсэндээ хүндэрч, бизнес орчин буюу үнээнээс гарах сүү татарч байгаа хэрэг. Уг нь ахиухан сүү өгч байвал улс, орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ.
Гэтэл эсрэгээрээ байхаар татварын бааз суурь хумигдаад ирнэ. Энэ нь хэт бүдүүлэг, эрээ, цээргүйгээр хувийн хэвшил рүү халдсаны дохио. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаад, дотоодын аль ч аж ахуйн нэгжид болгоомжлол төрсөн нь дамжиггүй. Яагаад гэвэл, эдийн засаг гэдэг итгэл дээр тогтож, ирээдүй рүү тэмүүлдэг. Тэгтэл 10 жилийн тогтвортой засаглалын үр дүнд “Монголд хөрөнгө оруулалт хийж болно, улстөрийн хувьд тогтвортой” гэж дүгнэсэн уур амьсгал үгүй болсон. Энэ нь эргээд олон нийтэд хортой гэдгийг дахин, дахин хэлмээр байна.
-Хүчтэй сөрөг хүчин байна гэсэн амлалтаа МАН бас л биелүүлж чадсангүй гэж ойлгож болох уу. Хаврын чуулганаар үнэхээр хэлж, яриад байгаа шигээ сөрөг хүчин байж чадах уу?
-Сүүлийн сард бид дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааныхаа хуваарилалтыг хийгээд үндсэндээ дууссан. МАН ард түмний төлөөлөл болж, тэднийхээ өмнөөс хяналт тавьж, цөөнхийн үүргээ илүү эрч хүчтэй гүйцэтгэнэ. Бид хамгийн муу түвшинд унасан. Үүнээс цааш унахгүй, харин ч улам сайжирна, идэвхжинэ.
-Өнгөрсөн жилийн уналт МАН-д сургамж болжээ?
-Тэгэлгүй яах вэ. Бидэнд төдийгүй Монголын нийгэмд өгч буй сургамж байлаа.