МАХН- ын Гүйцэтгэх товчоо хуралдаад Засгийн газар дахь зургаан сайдаа татах шийдвэрийг гаргалаа. Мөн УИХ-ын Дэд даргаа ч татахаар болсон. Энэ бүхний шалтгаан нь Н.Энхбаярыг зургаа болон долдугаар сард суллана гэсэн “далд” амлалтуудаа биелүүлээгүйтэй холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл гарсан.

Гэхдээ энэ нь худлаа мэдээлэл болохыг МАХН- ын хэвлэлийн албанаас хэллээ. Ер нь бол экс Ерөнхийлөгчийг зургадугаар сарын 1-нээс л суллах тухай ам дамжин яригдаж байсан. Харин дараа нь АН- аас нэр дэвшсэн Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж Н.Энхбаяртай нууцхан тохиролцоо хийсэн гэх яриа олны дунд түгээд байсан. Тус тохиролцоо нь эдүгээгийн Ерөнхийлөгчтэй буюу АН- тай гэрээ хийж МАН- ын саналыг хувааснаар Ц.Элбэгдоржийг ялалт байгуулах бололцоог хангана. Хэрвээ санал хувааж Ц.Элбэгдорж сонгуульд ялчихвал МАХН- ын хүртэх шагнал Н.Энхбаярыг суллуулах байсан гэх. 

МАХН ч хэлсэн амлалтадаа хүрч саналыг тун сайн хуваасан. Хэрвээ МАХНаас нэр дэвшсэн Н.Удвал нэрээ татсан бол хоёр дахь шатны сонгууль болох байсан. Тэгээд ч улс төрийнхний хүрээнд Н.Энхбаярыг наадмаар суллана гэх яриа гарсан. Үнэндээ наадмаар экс суллагдаагүй. Сонгуулиар, наадмаар гээд л сар бүр л Н.Энхбаяр дарга суллагдах гэнэ гэсэн хоосон яриа л тархаж байна. 

Харин Ерөнхийлөгч тангарагаа өргөсөн өдөр Н.Энхбаяр даргын харуул хамгаалалт буусан гэнэ. Харуул хамгаалалт нь буусан гэхээр экс Ерөнхийлөгч үнэхээр суллагдах гэж байгаа юм болов уу гэсэн таамаг олны дунд байна. МАХН- ын даргын биеийн байдал муу байгаа тул гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай хэмээн удаа дараа мэдэгдэж байгаа. 

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, улсын Ерөнхий прокурорын газар, Эрүүл мэндийн яаманд хүсэлт гаргасан байдаг. Хүсэлтэд “Миний бие өнгөрсөн жилийн өлсгөлөнгөөс хойш сул дорой хэвээр байгаа бөгөөд мэргэжлийн эмч нарын комиссын зүгээс ял эдлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ бүхнийг харгалзан үзэж намайг эрүүл мэндийн шалтгаанаар хуулийн дагуу чөлөөлөх асуудлыг яаралтай шийдэж өгөх хүсэлтийг тавьж байна. Мөн миний биеийг мэргэжлийн эмч нар гадаадад яаралтай явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасныг харгалзан үзэхийг хүсч байна” гэсэн байсан. 

Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорын газар түүнд нааштай хариу ирүүлээгүй. Хүсэлтийн хариуг хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж шийдвэрлэж, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өршөөлд хамруулж суллах гэж байгаа юм болов уу. 

Ямартаа ч Н.Энхбаяр даргын харуул хамгаалалт буусан гэнэ. МАХН- ынхан даргаа суллуулахын төлөө багагүй зүтгэсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл өргөн барьж, батлуулах гэсэн ч хаврын чуулганаар амжиж хэлэлцээгүй. Тэгэхээр намар хүртэл хойшилсон гэсэн үг. Харин уг хуулийг зөвхөн Н.Энхбаярт зориулж батлуулах гэж байгаа хэмээн улс төр судлаачид шүүмжилж байсан юм. Үнэндээ дээрх хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар баталлаа гэхэд гурван шатны шүүхээс 2.6 жилийн ял сонссон, МАХН- ын дарга Н.Энхбаяр хамрагдах нь тодорхой талаар хууль санаачлагчид ам алдсан. Нэгэнт л хаврын чуулганаар батлаагүй юм чинь мөддөө батлахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр одоогийн Ерөнхийлөгчийн уучлал хамгийн хурдан эрх чөлөөтэй болох шийдвэр. Ерөнхийлөгч уучлалт үзүүлэх бүрэн эрхтэй. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Түүний хүсэлтийг хүлээн авч, уучлал үзүүлэх байсан” гэдгээ илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Н.Энхбаярыг суллах тохироо хийгдсэн, наадмаас өмнө суллана гэсэн бор шувуу үнэн болж, одоогийн Ерөнхийлөгч эксийгээ эрх чөлөөтэй болгох гэж байгаа юм болов уу.

Г.Хишигсүрэн