“Хоёр толгой”-д дахиад найдах уу
2015/10/15
“Хуучин юм ул боллоо” гэдэг шиг өм цөм тасалдсан энэ оны төсвийн алдагдлыг ээлжит “тодотгол”-оор зохицуулснаар архивт хийж ирэх онд зарлагаа хумьж орлогодоо захирагдсан бодитой төсөвтэй больё гэж төрийн түшээд ярьж эхэллээ. Жил бүрийн төгсгөлд ингэж ярьдаг л даа.
Монгол Улсын 2016 оны төсвийн төслийг боловсруулахдаа төсвийн орлогыг бодитойгоор тооцоход онцгой анхаарснаа Ерөнхий сайд онцолжээ. Урьд урьдын төсөвт их агаарт явдаг байсныг мөн зөвшөөрсөн хэрэг.
“Тавантолгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа үргэлжилнэ. “Алт хөтөлбөр” болон “Мах хөтөлбөр”-ийг ирэх оноос хэрэгжүүлж эхлэхээр тооцно гээд л харийн хүний гарт байгаа мөнгийг дансандаа орсонд тооцоод тавьчихдаг мөрөөдөл байдаг. Энэ нь 2016 оны төсвийн төсөөлөлд хэвээр хадгалагдах бололтой. Урьдын адил улс төржөөд “хоёр толгой” энэ байрандаа үлдвэл яах тухай нөөц төсөөлөл байгаа юм болов уу. 2014 онд гэхэд Оюутолгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалтад тодорхой бус байдал бий болсон нь тухайн жилийн төслөөс орох урсгалыг өнгөрсөн оны дүнгээс нь 82 хувиар буюу 785.4 сая ам.доллароор бууруулж байсныг энд сануулахад илүүдэхгүй л байх.
Татварын орчноо эрүүлжүүлэх эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн тул эерэг хүлээлт байгаа гэж байна. УИХ-ын 2015 оны долоодугаар сарын 9-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон 2015 оны наймдугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үр дүнд татварын бааз суурь нэмэгдсэнээр төсвийн орлогыг нэмэгдүүлэх зарчим баримталсан гэж Ерөнхий сайд хэлсэн байна лээ.
Тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, нийт зардлын өсөлтийг хязгаарлах; Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цомхон, чадварлаг, үр ашигтай ажиллуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ гээд чихэнд чимэгтэй юм ярьж л байна. Энэ бүхнийг нь хийлгэж, хэрэгжүүлэх болтугай.
Төсвийн хямрал үүдээд байгаа нь төсвийн орлого тасалдаж зэсийн үнэ унахын дээр нүсэр бүтэцтэй төрийн байгууллагуудын гамгүй зардал төсвийн алдагдалд нөлөөлсөөр ирсэн.
Энэ гэмээ мэдсэн төр бүтцээ эргэн харна гэж мэдэгдэж байна. Төрийн байгууллагуудын бүтцийг цомхон, чиг үүргийн давхардалгүй зохион байгуулна. Зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлнэ.
Харин энэ бүх өөрчлөлт ирэх сонгуулийн дараа буюу 2016 оны наймдугаар сарын 1-ээс биеллээ олохоор төсөөлсөн байх юм. Олон нийт хүлээлт бол засаг төрийн нүсэр хэрнээ зарлага ихтэй байдлыг цэглэх ажил ирэх жил бус өнөө маргаашгүй эхлэх ёстой гэсэн бодолтой байгаа. Одоо байгаа 15 яамыг 2016 оны наймдугаар сарын 1-нээс хойш 9 болгож цөөрүүлнэ гэсэн байна. Наанаа төсөвтөө захирагдана, хэмнэнэ гэж байгаа ч цаанаа улс төрийн тохироо наймаагаа хадгалах бололтой. Агентлагуудыг шинэ оны эхний өдрөөс татан буулгаж бужигнуулах юм байна. Улс төрийн намын бэлгийн хадаг болгосон агентлагуудыг нэгтгэх, нэмж байгуулах бол шинэ зүйл огт биш. Гэхдээ хэмнэлтийн горимоороо бол хийх ёстой алхам мөн байх.
Ерөнхий сайдын төсвийн төсөөлөлд хөөс хагалсан шинэ алхам байна. Жил бүр төсөв батлахдаа орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг тэлэх байдалтайгаар төлөвлөдөг. Дараа нь тодотгож байна гээд эмнэлэг сургуулийн барилгын төсвийг царцаагаад мартчихдаг нь гэм биш зан болоод байгаа. 2016 оны төсвийн орлогыг бодитой төлөвлөхийн тулд зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тооцохдоо Олон улсын валютын сангаас гаргасан түүхий эдийн үнийн статистикт тусгасан тухайн төсвийн жилийн өмнөх дараалсан 12 жилийн дундаж үнийг бус 20 жилийн дундаж үнийг ашиглахаар хуульд өөрчлөлт оруулсныг энд дурьдаж болно. Ийн тооцоход 2016 оны төсвийн жилд нэг тонн зэсийн тэнцвэржүүлсэн үнэ 5.137.7 ам.доллар байх тооцоо гарч байгаа юм байна.
Ирэх оны төсөвт ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг 2030 төгрөг байхаар, эрдэс баялгийн гол бүтээгдэхүүн болох зэсийн үнийг тонн тутамд 5137 ам.доллар байхаар төсөөлж дээ. Одоо 2000 хүрсэн ханшийн дарамтыг арай гэж үүрч байгаа нөхцөлд энэ нь бэрх сонсогдох ч бодит байдалтайгаа нүүр тулж сурах нь бидэнд цаашдаа хэрэгтэй гэж эвлэрэх хэрэгтэй байх. 2014 оны төсөвт ам.долларын ханшийг 1380 төгрөгөөр буулгасан ч бодит ханш нь 1740 төгрөгт хүрч байлаа. Энэхүү хэтэрхий өөдрөг гэмээр төсөөллийг бодвол 2016 оны ханш арай бодитой сонсогдож байгаа юм.
Үнэн хэрэгтээ төсөв хүндэрлээ гэдэг нь уул уурхайн хөрөнгө оруулалт тасалдсандаа бус. Зэсийн үнийн уналтад чирэгдсэндээ бус. Улсын төсвийг сааж хөлждөг авилгын систем төгс үйлчилсээр байгаа болохоор ийм хүндрэл жил бүрийн эцэст гарч байгаа.
Нэг сургуулийн барилга барих мөнгө төсөвт суулгах гэж Их хурлаар хэдэн өдөр хэлэлцэж байхад тэр хэмжээний мөнгө нэг үрэлгэн тендерт ганц өдөрт гараад явчихаж байгаа юм.Төсвийн мөнгөөр зугаалсан, далайн цаана аялсан, үнэтэй буудалд буусан зэрэг бол яахав. Төсөв, мөнгөний бодлогын сахилгыг нэмэгдүүлэх, хариуцлагыг өндөрсгөх чиглэлээр хууль эрх, зүйн орчныг боловсронгуй болгохыг харуулж буй хэрэг байх. Төсвийн ийм нээлттэй цорго бол бага мөнгөнд тооцогдож ирсэн.
Жирийн мужаан 100 мянгаар босгодог ТҮЦ-ийг төсвийн хөрөнгөөр бол 2 саяар босгохоор тооцно. Нэг тэрбумаар босдог замыг төсвийн мөнгөөр дөрвөн тэрбумаар бариулахаар төсөвт суулгаад өгдөг. Энэ мөнгө нь салбарын сайдын жич заавраар нэг танилд нь тендер нэрээр очдог. Улс төрд орохын олз ашгийн амт, таашаал нь энд л байгаа харагддаг. Үүн дээр намын захиалгаар огт төсөвлөгдөөгүй улс төрийн зорилготой төслүүдийг оруулж ирэн төсвийн мөнгөнөөс саадаг үзэгдэл ч гардаг.
Эцсийн дүндээ төсвийн хөрөнгө гэдэг татвар төлөгчдийн мөнгө улстөрчдийн хуйвалдаан дор цөөхөн хэдэн компанийн саалийн үнээ болчихоод байгааг хүлээн зөвшөөрч хандлагаа өөрчилбөл тодотгол царцаалтгүй явчихаж болох юм.
П.Баяр