Хотын мэр Э.Бат-Үүл эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байгаа хүнд үед нийслэлийн төсвийн 410 гаруй тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан, “2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-төө Улаанбаатар хотыг Агаар цэвэр, Амины сууцтай, Ажилтай орлоготой, Аюулгүй амгалан, Авлигагүй, найрсаг хот болгох амлалтыг авсан ч мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, НИТХ-ын ээлжит, ээлжит бус, холбогдох хороодын хуралдаануудад 30 гаруй удаа суугаагүй нь НИТХ-ыг үл хүндэтгэж хуулиар хүлээсэн үүргээ биелээгүй тул огцрох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээхэмээн НИТХ дахь МАН мэдэгдлээ. Тэдний мэдээлж байгаагаар:

Нийслэлийн төсвийн орлого 2014 оны гүйцэтгэлээр 556.7 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 160 гаруй хувиар, нийт зардал 536.5 тэрбум төгрөг болж 2012 оны гүйцэтгэлээс 2 дахин, хөрөнгө оруулалт 227.5 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 130 гаруй хувиар тус тус өссөн. Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлсэн “Чингис”, “Самурай” бонд, “Хөгжлийн банк”-ны 1.3 тэрбум орчим ам.доллар буюу 2.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг Нийслэл хотод зарцуулсан байтал Засаг дарга Э.Бат-Үүлийн хийсэн ажил, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн нь зарцуулсан мөнгөн дүнгийнхээ хаана ч хүрэхгүй, чамлалттай байгааг Иргэдийн хурал дахь сөрөг хүчин онцолж байна.

Хотын удирдлагууд бондын хөрөнгийг Улсын болон Нийслэлийн төсөвт ирэх онуудад төсвийн дарамт учруулах эдийн засгийн үр ашиггүй хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид зарцуулж байгаад иргэд дургүйцсээр байтал, НИТХ дахь МАН-ын бүлгийн эсрэг байр сууриа илэрхийлсээр атал Ардчилсан нам олонхиороо хүч түрэн өнгөрсөн 3 жилийн хугацаанд

  1. Хогны ногоон уут – 12.7 тэрбум
  2. З сарын настай Нэг наст цэцэг, тохижилт – 95.0 тэрбум
  3. Даншиг наадам, овоо тахилга – 0.8 тэрбум
  4. Гэр хорооллын дахин төлөвлөлт – 158.3 тэрбум
  5. Нийтийн тээврийн ухаалаг систем – 30.0 орчим тэрбум
  6. Угсраа автобус – 20.0 тэрбум
  7. Рейлбус – 8 орчим тэрбум
  8. Найрсаг Улаанбаатар хөтөлбөр – 4.6 тэрбум
  9. 2900 орон тоо нэмэгдсэн цалингийн зардал – 75.0 тэрбум
  10. Авто худалдааны цогцолбор – 4.8 тэрбум

Нийт 410 орчим тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан тоон дүн гарч байгааг анхаарах цаг нэгэнт болсон гэж хотын парламент дахь сөрөг хүчин байр сууриа илэрхийлж байна.

Хотын захирагч Э.Бат-Үүлийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан Рейлбус, Тусгай замын автобусны үйлчилгээ, Гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг шат дараалалтайгаар бууруулах, Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэр, байгууллагыг хотоос гадагш нүүлгэх, 2-оос доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулах, Зуслангийн болон шинэ суурьшлын бүсэд бие даасан инженерийн шугам сүлжээг бий болгох, Өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэнд оруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, Гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгох, Хөрөнгө оруулалтын тодорхой хувийг нөхөн олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, Баянхошуу, 5-н буудалд дулааны станц байгуулах, Шар хад, Амгалан, Орбит, Толгойт, Хайлааст, 7-н буудлын орчмын гэр хорооллын бохир усны гол шугамыг барих, Хотын захиргааны цогцолборыг хотын шинэ төвд нүүлгэн шилжүүлэх, Ерөнхий боловсролын сургууль, бага сургуулийн тоог эрс нэмэгдүүлэн, хичээллэх ээлжийн тоог бууруулж, анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлэх, Туул голын сав газрыг түшиглэн усан парк, амьтны хүрээлэн байгуулах, Хотын бонд гаргаж хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх, Компанийн засаглалын кодексийг мөрдүүлэх, Олон түвшний огтлолцолыг 6-н уулзварт барих, Гэр хорооллын замуудыг хатуу хучилттай болгох, 18-н км-ийн урттай метро байгуулах, Нийслэлийг гамшигаас хамгаалах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, Газрын бирж байгуулах зэрэг олон заалтууд бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа энэ үед огт хэрэгжээгүй нь засаг дарга суудлаасаа огцрох хангалттай шалтгаан гэж тэд үзжээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцруулах тогтоолын төсөлд:

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧСӨН АСУУДЛААР:

  1. НИТХ-ын ээлжит хуралдаанаас “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн 24-н байршлыг баталж “Орон сууцжуулах төсөл”-ийг сонгон шалгаруулах ажил явагдсан билээ. Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэснийг ноцтой зөрчсөн. Мөн Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргахдаа тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасан “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй.”, “Авлигын эсрэг хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;” гэснийг тус тус зөрчин өөрийн хүү Б.Чулуудайн “Грандлайн” ХХК-ийг илтэд нуун дарагдуулж, сонгон шалгаруулсан.

  1. Эдийн засгийн хямралыг даван туулах, хэмнэлтийн горимоор ажиллах зорилгоор төрийн дээд байгуллагаас олон тооны шийдвэр, хууль тогтоомж гаргаж мөрдүүлж байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” төрийн шинэтгэлийн бодлого, Улсын Их Хурлын 2014 оны 34-р тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-ийн 1.1 заасан “төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих; төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгаж, тогтолцоог боловсронгуй болгох;”, “Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 70-р тогтоолын 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, сум, дүүргийн Засаг дарга, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, Засгийн газрын агентлаг тус бүр нэг орлогч дарга, эсхүл дэд даргатай, орон тооны зөвлөхгүй байх, бусад бүх шатны төсвийн байгууллага орлогч дарга, эсхүл дэд дарга болон орон тооны зөвлөхгүй байхаар тооцож холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг тооцоо судалгаанд үндэслэн боловсруулж хэрэгжүүлэх, шаардлагатай бол Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;”, Засгийн Газрын 2014 оны 147-р тогтоолоор батлагдсан “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэжээний тухай” тогтоолын 1-р зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэг, 2-р зүйл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “а”-д заасан “хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах;”, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.”, 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан “аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх;” гэснийг тус тус зөрчсөн.

  1. “Гэр хорооллыг дахин төлөвлөх”, “Газар шинэчлэн зохион байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх журам нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 17-р зүйлд “Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй. Хэний ч өмч хөрөнгийг дураар хураан авч болохгүй.”, Монгол Улсын Үндсэн Хуулийн Арванзургадугаар зүйлийн 3-т “...Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө.”, НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын хорооноос гаргасан “Шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн тухай” 4-р ерөнхий зөвлөмжид “Урьдчилан төлөвлөж бусдын өмч хөрөнгийг буулгах, албадан нүүлгэх зэрэгт шүүхийн шийдвэрийг үндэслэх, үүнээс бусад тохиолдолд аливаа хүний эрхийг хязгаарлах үйлдэл гаргахыг хориглох” талаар заасныг зөрчин “хүний эрхийг хүндэтгэн, хангаж хамгаалах зохицуулалт хангалтгүй байна” гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2014 оны 11-р сарын 25-ны 2/818 тоот бичгээр байр сууриа илэрхийлсэн байна.

Энэ нь “Монгол улсын засаг захиргаа, нутал дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ.” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг үүрэгт ажлаас нь чөлөөх үндэслэл болж байна зэрэг тодорхой саналуудыг тусгасан байна.