Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын биеийн байдал эрс муудсан талаар  Эрүүл мэндийн сайд Н.Удвал мэдээлэл хийлээ. Түүний мэдээлж байгаагаар Н.Энхбаярын биеийн байдал өдөр бүр муудаж байгаа  бөгөөд хоолны дуршилгүй, нойргүйдэлд орсон байна. Өөрөөр хэлбэл экс Ерөнхийлөгч үүрийн 04 цаг хүртэл унтаж чадахагүй байгаа бөгөөд хоол идэж чадахгүй болжээ. Тэрбээр сүүлийн нэг сард 30 кг турсан гэнэ. Өөрөөр хэлбэл 93 кг жинтэй байхдаа баривчлагдсан  Н.Энхбаяр өнөөдөр 66 кг болсон бөгөөд даралт нь тогтмол унаж байгаа ажээ. Харин комд орсон эсэхийг Эрүүл мэндийн сайд мэдээллэхээс татгалзаж, хувийн нууцыг хадгалах хэрэгтэй хэмээн тайлбарлав.  Эрүүл мэндийн сайдын хэлж байгаагаар Н.Энхбаярын биед эсийн задрал тасралтгүй явагдаж байгаа бөгөөд энэ төрлийн эмчилгээг манайд өмнө нь хийж байгаагүй ажээ. Үүгээр ч зогсохгүй эсийн задралын шинжилгээг манайд хийх боломжгүй болохоор эмч нар аргаа барж, халуурахад нь халуун бууруулах эм уулгах зэргээр өвчтөнд илэрч байгаа шинж тэмдэгийг дарах эмчилгээ хийж байгаа юм байна.
Дашрамд дуулгахад экс Ерөнхийлөгчийн биеийн байдлын талаар эмчлэгч эмч нарын зүгээс таван удаа мэдээлэл хийсэн бөгөөд  бүгдэд нь экс Ерөнхийлөгчийн бие дордож, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгааг мэдээлж байсан юм.

Т.Энгүүн