Монголын жүдочид Парисын татамиг эзэгнэж байна
2015/10/18
Францын Парис хотноо өчигдөр жүдо бөхийн Их дуулга ангиллын тэмцээн эхэлсэн билээ. Энэ удаагийн Их дуулгад дэлхийн 84 орны эрэгтэй 256, эмэгтэй 184, нийтдээ 440 жүдоч оролцож байна. Тэгвэл манайхаас эрэгтэй 10, эмэгтэй 7 жүдоч оролцож байгаа юм. Өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанууд болж, манай тамирчид 2 алт, нэг мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ. Ингэснээр эхний өдрийн дараах байдлаар багийн дүнгээр тэргүүлж байгаа юм.
Хоёр алтан медалийг 66 кг-д өрсөлдсөн Д.Төмөрхүлэг, 48-ийн шилдэг бөх, дэлхийн аварга М.Уранцэцэг нар хүртсэн. Дэлхийн аварга М.Уранцэцэгийн хувьд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Туркийн Сахин Эбруг буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Казахстаны нэр дээр барилдаж байгаа Г.Отгонцэцэгийг ялсан. Улмаар зооны аваргын төлөө Украины Марина Черниакыг ялж, аваргын төлөө Бельгийн Ван Сник Чарлайныг хожсон юм.
Тэгвэл 66 кг-ын жинд өрсөлдсөн Д.Төмөрхүлэг А хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Алжирын Зоурдани Хоудыг, гуравдугаар тойрогт Словены Адриан Гомбокыг буулгаж авсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Италийн Элио Вердег хожиж, хагас шигшээд шалгарсан. Тэгвэл зооны аваргын төлөө Азербайжаны Нижат Шихализадаг ялсан бол аваргын төлөө Украины алдар бөх, дэлхийн аварга Георгий Зантараяг яллаа. Ийнхүү Д.Төмөрхүлэг Парисын Их дуулгад босоо байж чадсан юм.
Харин манай шилдэг бөхчүүдийн нэг Д.Сумъяа 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Манай бөхА хэсгийг тэргүүлж барилдсан. Тэрбээр эхний тойрогтоо Испани, хоёрдугаар тойрогт Сенегалын бөхчүүдийн буулгаж авсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Японы алдарт бөх Удака Наеийг буулгаж авч, медаль авах замаа зассан. Хагас шигшээд Австралийн Сабринаг буулгаж авч, мөнгөн медалийн болзол хангасан бол шигшээ барилдаанд Португалын Телмо Монтерог барсангүй.
60 кг-ын жинд манайхаас Д.Амартүвшин, Г.Хэрлэн нар барилдсан. Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшингийн хувьд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Мексикийн бөхийг буулгаж авсан бол гуравдугаар тойрогт Финландын Жухог ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Францийн Милоус Софианыг ялсан ч хагас шигшээд Японы шилдэг тамирчин Такато Наохисаг барсангүй. Гэвч хүрлийн төлөө Недерландын Жероен Мүүринийг ялж, медалийн тавцанд зогслоо.
Хоёр дахь хүрэл медалийг 66-д барилдсан Д.Алтансүх хүртсэн. Манай бөх эхний тойрогтоо Словакийн Матеж Полиакыг, хоёрдугаар тойрогт Израилийн Поллан Голлакыг буулгаж авсан. Улмаар гуравдугаар тойрогт Португалын Диого Сезарыг ялсан ч хэсгийн аваргын төлөө Георгий Зантараяг барсангүй. Гэвч торгуулын тойрогт Оросын Якуб Шамиловыг хожиж, хүрлийн төлөө Азербайжаны Нижат Шихализадаг ялснаар медалийн тавцанд зогслоо.
60 кг-д барилдсан Г.Хэрлэн гуравдугаар тойрогт ялагдсан бол 73-т зодоглосон Г.Одбаяр гурав, С.Ням-Очир мөн гуравдугаар тойрогт ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. 52 кг-д М.Бундмаа торгуулын тойрогт барилдсан ч Японы Шишиме Айд ялагдаж, тэмцээнээ дуусгасан. Харин А.Цолмон эхний тойрогтоо Францийн бөхөд ялагдав. 63-т Б.Мөнгөнчимэг хүч үзэж, хоёрдугаар тойрогт, Ц.Цэрэннадмид мөн барилдаж, гуравдугаар тойрогтоо ялагдлаа.
Н.Болд
Эх сурвалж: www.mminfo.mn