Гяндангийн хоригдлууд ”хүрд эргүүлэх” боломжийг хүлээн сууна
2013/07/16
/Цуврал III/
Гяндангийн хоригдлуудын хамгийн залуухан нь 20 настай О. Бас л эрдэнэт хүний амийг онц хэрцгийгээр хөнөөсөн нэгэн. Ер нь “яс цоож”-д 20-28 насны арав гаруй хүмүүжигч бий. Зарим нь 18-хан настай өргөст торны хаалгыг татсан байх юм. Тэд ихэвчлэн олуулаа согтуурч дарвиж яваад хүний амь хөнөөсөн гэдэг. Уур омгоо даралгүй, нэгнийгээ хөөргөснөөс үүдэн хүний аминд хүрч бүх насаа гяндангийн давчуу өрөөнд өнгөрүүлж байна даа гэж харуусан гуниглах хүн олон таарав.
Хүмүүжигч Ц
Нэгэн хоригдол “Би хэрэгт орохын өмнөх өдөр нь гэрийнхэнтэйгээ ширээ тойрч суугаад хооллож суусан юм. Тэр үед ямар их аз жаргал, ямар их эрх чөлөөтэй байсан юм бэ. Инээж хөхөрч, намар нь орох сургуулийнхаа бэлтгэлийг хэрхэн базаах талаар ярилцаж суусан юм. Гэтэл маргааш нь хар ус балгаж дэмий тэнэж яваад хэрэгт орчихсон. Эгч маань намайг тэр орой гарах гэтэл ”Миний дүү орой болчихсон байна шүү дээ. Гадагш гарч яах гэсэн юм. Унтаж амар” гэж хэлэхэд нь би зөрүүдэлсээр гэрээсээ гарч явсан. Тэр шөнө нь өөрийгөө хянах чадваргүй болтлоо архи ууж, юу хийснээ ч санадаггүй. Нэг л мэдэхэд, би гартаа гавтай цагдаагийн хэлтсийн өрөөнд хэвтэж байлаа" хэмээн хоолой зангируулан ярив. Тэнд хоригдож буй хүмүүжигчдээс харууссан сэтгэлээ нууж төвдөхгүй нэгэн ч байв.
Гяндангийн хоёр давхрын мухрын өрөөнд хоригдож буй 21 настай Л гэх залуу тааз ширтсэн чигээрээ гөлөрчээ. Тэр бодолдоо автан эргэн тойрноо анзаарах сөхөөгүй зогсоно. Түүнийг яагаад ийм байдалтай буйг хянагчаас асуувал “Л-ийн ээж өнөөдөр Америк руу нисч байгаа юм билээ. Тэгэхдээ бүр олон жилийн хугацаагаар Америк орныг зорьж байгаа гэсэн. Тэрбээр ээжийгээ хилийн дээс алхахын өмнө нь сэтгэлийнхээ үгийг тэрлэсэн захидлыг бичлэг болгон явуулсан” хэмээн хянагч ярив. Хүү ээжтэйгээ хэзээ уулзахаа таах аргагүй. Өөрийгөө гяндангаас 25 жилийн дараа гарлаа гэхэд ээж нь мэнд байхыг мэдэхгүйгээ гуниглан ярьсан гэж ойр хавийнхан нь хэллээ.
Тэрхүү шоронгийн ёозгүй амьдралд гундсан олон арван залуус давчуухан өрөөндөө хөлхөх чимээ цаанаа л нэг харуусал тээнэ. Гяндангийн зэврүүн хонгилын баруун талаасаа хоёр дахь нь 23 настай Ц-гийн өрөө. Тэр яс чангад хоригдоод яг таван жилийн нүүр үзэж буй аж. Цэнхэр бэлтгэлийн хувцастай, өндөр туранхай залуутай бид цөөн үг солихоор уулзсан юм. Түүний сэтгэл зүй одоохондоо тогтуун байгаа гэж сэтгэлзүйч нь тайлбарлав. Шалны будаг нь халцарч халтартсан давчуухан өрөөнийнхөө зүүн талд байрлах модон орон дээр буруу харж суусан тэрбээр залууст сэрэмжлүүлэг болгох үүднээс бидэнд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм.
-Хэдэн настай энд орж ирсэн юм бэ?
-Одоогоос таван жилийн өмнө 18-хан настай байхдаа залуу насны ааг омгоор хүний амь хөнөөчихсөн. Тэр жилийнхээ намар аравдугаар сард шүүхээр орсон л доо. Ялын дээд хэмжээ авчихсан. Яах аргагүй үйлдсэн хэрэгтээ тохирох ялаа авсан ч амьдралд ч хөл тавиагүй би чинь 18-хан настай шүү дээ гэж бодохоор дэндүү харуусмаар санагдсан. Би буудуулна. Би цаазлуулна гэж бодохоор нэг хөл хаалганы цаана нэг хөл хаалганы наана байгаа юм шиг санагдаад солиорох шахсан.
-Дунд сургуулиа төгссөн байв уу?
-Аравдугаар ангиа төгсөх жилийн хавар л даа. Цэргийн хүн болно гэж боддог байсан юм. Мэдээж сайн сайхан амьдрах хүсэл тэмүүлэл их байсан юм шүү дээ. Гэтэл буудуулах ял сонсчихоод тэнгэр хөмрөх шиг л болсон.
Архиааа гэж · 2013/07/17
Залуус архинд бага дурлаа. Ялангуяа онгироо, тогтворгүй зантай бол бүүрч ойртоод хэрэггүй. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Мөнх иймээрээ байх юм шиг бүү ******ил залуусаа.