Хойд Солонгосын харгис дэглэмээс болж аав нь үхэж, найзынх нь ээж цаазлагдахыг харсан Ёнми Парк охин эх орноосоо зугтан, зовлон зүдгүүр туулсаар Өмнөд Солонгост ирсэн тухай өгүүлсэн, “In Order to Live: A North Korean Girl's Journey to Freedom” хэмээх ном энэ жил хэвлэгдэж, шуугиан тарьсан билээ.

Түүний туулсан үлгэр домгийн юм шиг хэрнээ там шиг амьдралын талаар өнөө ч шуугисаар. Одоо 22 настай Ёнми Парк Хойд Солонгос дахь амьдрал, туулсан аян замынхаа талаар хэвлэлд ярилцлага өгч, элдэв уулзалтанд оролцсоор яваа бөгөөд ингэж явахдаа Монголын талаар өгүүлжээ. “Thedailybeast.com” хэмээх цахим сонинд бичсэнээр, Ёнми Парк Хятадаар дамжин Монголд ирэхэд цагдаа нар түүнийг Хятад руу буцаана гэж сүрдүүлжээ. Монголын албаны хүмүүсийн нэг нь түүний гэдэс рүү буугаар ёворсныг тэр одоо ч санадаг гэнэ. Ёнми толгой сэгсрэн инээгээд, үүнийг зөвхөн кинонд харсан гэж хэлсэн байна. “Одоо би инээж байна л даа, гэвч тэр үед өмдөндөө дусаах шахсан. Би өмнө нь тархиа зад буудуулсан олон хүнийг харж байсан” гэж тэр хэлжээ. Ёнми болоод түүний ээж ямар ч өршөөл энэрэлд найдаагүй бөгөөд хэрэв тэднийг Хятад руу буцаана гэвэл нууж авч гарсан сахалын хутгаар өөрсдийгөө егүүтгэхээр албаныханыг сүрдүүлсэн гэнэ. Ингээд цэргүүд буугаа буулгасан байна. Түүнийг ээжтэй нь Монголын нийслэл Улаанбаатарт байх хорих төвд илгээсэн ажээ. Тэнд Ёнмиг хэдэн сарын турш өдөр бүр бүх хувцасыг нь тайлуулж доромжилдог байсан бөгөөд үүн шиг зүйл үзэж байгаагүй гэж тэр дурсчээ.



Эх сурвалж: http://www.mongoliax.mn