Монгол банк гадаад валютын дуудлага худалдаагаар нийт 34.15 сая ам.доллар дотоодын эдийн засагт нийлүүлээд байна.

Сүүлийн гурван долоо хоногийн байдлаар зургаан удаа интервенц хийж, арилжааны банкуудад дээрх “ногоон”-ыг шилжүүлжээ. Энэ хугацаанд төгрөгтэй харьцах ам.долларын ханшийн огцом гэж тодотгох өсөлт харьцангуй тогтворжиж, алгуур суларсан байна. Ингэснээр Төв банкны албан ханш 1991.98 төгрөгтэй тэнцлээ. Ханш тогтвортой байгаа нь энэ.

Ханшийн зах зээл дэх энэхүү амар жимэр байдал хэр урт “нас”-тайг таамаглах боломжгүй. Гэхдээ л ам.долларын ханш хямдарсан хэвээр. Ирэх оны төсвийн төсөлд ам.долларын ханшийг 2030 төгрөгөөр тооцоолсон. Энэ нь дотоодын зах зээлд шинэ хүлээлт үүсгээд байгаа юм. Хэрэв гадаад валютын орох урсгал оны эцэст эрчимтэй сэргэхгүй тохиолдолд дээрх ханшийн эрсдэл бидэнд ойрхон байна.

Төв банкны гадаад валютын албан нөөц сүүлийн гурван жилийн байдлаарХөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар “Оны сүүлчээр 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх төлөвтэй” гэж мэдэгдлээ. Шинэ хөрөнгө оруулалтын “цуваа” айлчлах өдрүүдэд ам.долларын ханш 1850 төгрөгт хүрэх боломжтойг зарим судалгааны байгууллага онцолсон байна. “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилтийн эхний хэсгийг арилжааны банкууд ирэх сард зээлэх талаарх хэлэлцээр эцсийн шатанд оржээ. Мөн нийт 1.3 тэрбум ам.доллартай тэнцэх төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээг хоёр долоо хоногийн өмнө Засгийн газар баталгаажууллаа. Үүнээс гадна нэг тэрбум ам.долларын өртөгтэй Таван-толгойн цахилгаан станцын барилгын ажлыг ирэх хавар эхлүүлэхээр болж буй. Эдгээр мэдээлэл ам.долларын хомсдолд ороод буй эдийн засагт эерэг дохио өгсөн нь энэ.

Лхавга гарагт “Найман шарга” валютын захын ченжүүд ам.долларыг 1992-1993 төгрөгөөр худалдан авч, 1995- 1996 төгрөгөөр борлуулж байв. Энэ өдөр арилжааны банкууд ам.долларыг 1986 төгрөгөөр худалдан авч, 1995-аар зарж байсан юм. Үүнээс ажиглахад, валютын хар захын ханш арилжааны банкуудынхтай зөрүү нь улам ойртсон байгааг анзаарсан байх. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банк нэг ам.долларыг 1987-гоор авч, 1996-гаар арилжаалж байв. Харин ХААН банк ам.долларыг 1987 төгрөгөөр үнэлж, 1997 төгрөгөөр худалдаж байсан юм.

Дөрвөн тэрбум ам.доллар даваад байсан Монгол банкны валютын албан нөөц наймдугаар сарын байдлаар 1.7 тэрбум ам.доллар болжээ. Энэхүү бууралт нь сүүлийн хоёр жилийн хугацаанд үргэлжилж байгаа үзэгдэл юм. Гадаад валютын улсын нөөц нь импортын 5.3 сарын хэрэгцээг хангах түвшинд байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2013 оноос огцом буурч, улмаар дотоодод үйл ажиллагаа явуулж буй гаднын хөрөнгө оруулалттай компаниудын хөрөнгө гадагшлах болсон. Энэ нь ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарах шалтгаан болсныг “Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-д өгүүлсэн байна. Уг тайланд “Эдийн засгийн хүндрэл, удаашралын сөрөг нөлөөгөөр худалдааны салбар агшиж, ам.долларын олдоц багассан” хэмээн тэмдэглэжээ.

СЭЗДС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Ц.Батсүх “Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хамгийн оргил үеийнхтэйгээ жишиж бүхнийг алдсан юм шиг тайлбарлаж байна. Яаж ч бодсон ирээдүйд гадаадын хөрөнгө оруулалт үргэлж өсөлттэй жилүүдийнх шиг өндөр байхгүй” хэмээн үзлээ. Тэрбээр “Валютын харьцангуй уян хатан ханштай манай эдийн засгийн тогтолцоонд ханшийг зах зээлийн хууль зохицуулдаг. Тиймээс Монгол банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь хоёр талтай. Валютын эрэлтийг хязгаарлах талд илүү анхаарах хэрэгтэй” гэв. Төрөөс баримтлах ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд ам.долларын ханшийг зах зээлд даатгасан байна.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ