АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр орой эхэллээ.

Дэлхийн 82 орны эрэгтэй 336, эмэгтэй 220, нийт 556 тамирчин хүч чадал, ур чадвараа сорьж байгаа. Харин манайхаас эрэгтэй 10, эмэгтэй 7 тамирчин барилдаж байна. Өнөөдөр эрэгтэй 55, 60, эмэгтэй 44, 48 кг-ын жингийн барилдаан боллоо.

Тэгвэл дөнгөж сая хэсгийн барилдаанууд өндөрлөж, хагас шигшээд барилдах болон торгуулын тойрогт хүч үзэх бөхчүүдийн нэр тодорлоо.60 кг-ын жинд хүч түрэн гарч ирж байгаа Ц.Цогбаатар медаль хүртсэн бол эрэгтэй 55 кг-д барилдсан Б.Амартүвшин, эмэгтэй 44 кг-д зодоглосон Г.Наранцэцэг нар хүрэл медаль хүртлээ.

Б.Амартүвшин эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Киприйн Ионнисыг буулгаж авсан бол гуравдугаар тойрогт Казахстаны Дидар Таттибайг ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Ираны Мохаммад Рашонезадыг ялж, мөнгөн медалийн төлөө шалгарч үлдлээ. Гэвч манай бөх зооны аваргын төлөө Солонгосын Ли Харимыг ялж чадаагүй. Гэхдээ хүрлийн төлөө Азербайжаны Натиг Журбанлиг ялж, медалийн тавцанд зогслоо.

Харин 60 кг-д барилдсан өсвөрийн дэлхийн аваргы мөнгөн медальт Ц.Цогтбаатар эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Гүржийн Торнике Наглашвилиг ялсан бол гуравдугаар тойрогт Украины Олех Овчаренког цэвэр хожсон. Улмаар хэсгийн аваргын төлөө Азербайжаны Дэвид Маммадовыг торгуулаар ялж, зооны аваргын төлөө шалгарч үлдлээ.

Хагас шигшээд манай бөх Францийн Валид Хяартай барилдаж, дөрвөн юүкогоор дуусгасан бол финалд Японы Рюжу Нагаяаматай хүч үзэж, цэвэр ялагдсан. Ингэснээр өсвөрийн дэлхийн аваргаас дахин мөнгөн медаль хүртлээ. Тэгвэл энэ жинд хүч үзсэн Г.Баттулга эхний тойрогтоо Италийн бөх Ангело Пантонад цэвэр ялагдсан.

Эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд барилдсан Г.Нандинцэцэг эхний тойрогтоо Бразилын Ларисса Фариасыг ялсан бол хэсгийн аваргын төлөө Японы Рико Игарашид ялагдсан. Манай бөх торгуулын тойрогт Туркийн Тугбатай барилдаж ялсан. Улмаар Недерландын Эмбер Гержесийг юүко үнэлгээгээр ялж, хүрэл медаль хүртлээ.

Тэгвэл 48 кг-д барилдсан Э.Гэрэлмаа хоёрдугаар тойрогт Узбекстаны Диёорад ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. Тэмцээний хагас шигшээ болон медалийн барилдаан 21:00 цагаас эхэлнэ.

Н.Болд

Эх сурвалж: www.mminfo.mn