Өнгөрөгч 5-р сарын 10-ны өдөр аавынхаа гарт үрэгдэх шахсан таван настай Б.Идэрсүрэн хүүг бид “заазуурдуулдаг хүү” гэдгээр нь мэдэх билээ.  Тэгвэл өнөөдөр Б.Идэрсүрэн хүүгийн биен дээрх шарх эдгэрчээ.

Идэрээ  хүү гурван ах,  нэг эмэгтэй дvvтэй. Дүүг нь найман сартай байхад аав нь тогоо руу шидэж гэмтээсэн болохоор хоёр настай дүү нь саяхныг хүртэл хөлд ороогүй байжээ. Гэсэн ч дүүг нь “эх нялхс”-ын сувилалд явуулж, эмчилгээ хийсний дүнд хөлд орж, сайн явдаг болсны зэрэгцээ мяраалж эхэлсэн байна. Өнөөдөр Идэрсүрэн хүү гэрийнхэнтэйгээ элэг нэгт Монголчуудынхаа ачаар  бvрэн тавилгатай таван ханатай гэрт амьдарч байна. Бүгд шинэ хувцастай болж, гэрээ тохижуулжээ.  Ээж нь удахгүй ажилд орох гэж байгаа бөгөөд тэр үед амьдрал нь сайжраад ирнэ гэдгийг өөрсдөд нь тусалсан  “Лантуун дохио” ТББ,  “Хамтын халуун сэтгэлт” бүлгэм болон Монголчууддаа  хэлсэн байна.  Удахгүй тэдний газрын асуудал шийдэгдэж нэг мөр амар амгалан амьдрах боломж бүрдэх ажээ.  Үүгээр ч зогсохгүй “Лантуун дохио” ТББ,  “Хамтын халуун сэтгэлт” бүлгмийнхэн хүүхдүүдийн сургуулийг ч зохицуулж өгсөн  байна.  

Б.Идэрсүрэн хүүгийн гэрийнхэнтэй “Лантуун дохио” ТББ,  “Хамтын халуун сэтгэлт” бүлгмийнхэн байнга холбогдож, шаардлагатай зүйлсээр тусалж байгаа гэнэ.

Харин эхнэр, хүүхдүүдээ байнга дарамталдаг байсан Д өдгөө хорих 461-р ангид саатуулагдаж байгаа юм. Тэрбээр зах дээр яндан борлуулдаг байсан бөгөөд нэг жилийн хугацаанд таван удаа шүүхээр орж, 10 удаа эрүүлжүүлэгдэж байжээ.  Тэр бүрт гэрийнхэн нь сэжигтэнг гомдолгүй хэмээн өргөдөл бичиж, батлан даалтаар суллаж байсан юм. Түүний энэхүү хэргийг удахгүй прокурор руу шилжүүлэх бөгөөд Эрүүгийн хуулийн 100-р зүйл, мөн хуулийн 181.3 зүйл ангиар шийтгэхээр төвлөвлөөд байгаа юм.  Тодруулбал Эрүүгийн хуулийн  100 дугаар зүйл нь Тарчлаах гэсэн заалттай бөгөөд  “Байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн нь энэ хуулийн 96, 98 дугаар зүйлд заасан хор уршиг учруулаагүй бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэсэн байдаг. Мөн хуулийн 181.3 нь Танхайрах гэсэн заалттай бөгөөд  181.3-т “Энэ  хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заажээ.  Өөрөөр хэлбэл эхнэр хүүхдүүдээ байнга дарамталдаг байсан тэрбээр дээд тал нь 10 жил хоригдох юм.

Байнгын дарамтаасаа салсан тэдэнд одоо бага зэрэг тусламж шаардлагатай байгаа юм. Тодруулбал Идэрсүрэн хүү, хүүгийн ах, дүү гурав гурвуулаа  тэжээлийн дутагдалд орж  сульдаатайн дээр өсөлт нь удааширсан байна.  Өөрөөр хэлбэл тэдэнд эмчилгээ, сувилгаа шаардлагатай байгаа бөгөөд үүнд Монголчууд та бидний сайхан сэтгэл, мөнгөн тусламж шаардлагатай байгаа ажээ. Бяцхан хүүд тусалснаар бөх болох мөрөөдөл нь биелэх боломжтой болох юм.

Хүүгийн ээж О.Болормаагийн хувьд дахин хэвлэл мэдээллээр гарахаас татгалзсан тул тэдний зургийг нийтлээгүй болно. Харин Монгол ахан дүүс, сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар сайн яваагаа дуулгаж, чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлэв.

А.Баярмаа