​-ГЭРТ НЬ НЭГЖЛЭГ ХИЙЖ, Э.БАТШУГАРЫН ХАДАМ ААВЫН ХӨРӨНГИЙГ БИТҮҮМЖИЛЖ,О.ЦОЛМОНГИЙН ДҮҮГ БАРИВЧИЛСАН БОЛОЛТОЙ-

МАХН-ын дарга Н.Энх­баярын гэрийн га­даа өчигдрийн 16 цагийн орчим  олон хүн цуглар­сан байна гэсэн мэдээл­лийн дагуу очив. 
Тод­руулбал Н.Энх­бая­рыг баривчилж авч явсан гэр гэвэл уншигчид мэдэх байх. Байрных нь үүдэнд хоёр цагдаа ха­рагдав. Тэд Хан-Уул дүүр­гийн цагдаагийн хэлтсийн цагдаа нар аж. Тэд "Дотор хуулийн ажилтнууд бай­гаа. Гарч ирээд  хэвлэ­лийнхэнд тайлбар өгнө гэсэн. Ямар хүмүүс бай­гааг хэлэх боломжгүй" хэмээж байв. Байрны гадаа 20 гаруй хүн цуг­лажээ. Тэд өөрсдийгөө МАХН-ын дэмжигчид гэж яриад "Даргыг баривчил­сан одоо гэрт нь Авли­гатай тэмцэх газрынхан байна. Эхнэрийг нь яах гэж байгааг бид мэдэхгүй. Тайван амьдармаар бай­на" гэж дор бүрнээ шуу­гилдах аж. Ирсэн хүмүү­сийн дийлэнх нь эмэгтэй­чүүд бөгөөд 40-өөс дээш насныхан бололтой. Цуг­ласан хүмүүс  энэ тэнд хэсэг хэсгээрээ болж зог­соцгоожээ. Сэтгүүлчдийг дөхөж очихоор "яриа өгөх­гүй шүү" хэмээх аж.

 Тэдэн дунд МАХН-ын гишүүн, дэд сайд Тул­га харагдаж байв. Түүнээс юу болсныг тодруулах гэхэд "сайн мэдэхгүй бай­на" хэмээн зугтаад явчих­лаа. Биднийг ирэхээс өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү энд ирж байр руу нэвтрэхийг оролдсон боловч цагдаа нар оруулаагүй тул яваад өгсөн гэнэ.  МАХН-ын дэм­жигчид гэх хүмүүс  хоорондоо  "Аймаар юм, ингээд эхнэрийг нь аваад явбал яана аа. Эмэгтэй хүн шүү дээ" гэх маягаар ойр зуурын зүйл хүүрнэх аж. Бужигнасан олны дунд явж байсан шоон хээтэй цэнхэр цамц саарал өмд өмссөн өндөр залууг "Энэ муу тагнуулчийг хараа. Би мэднэ тагнуулч байхгүй юу" гэх нь тод сонсогдох. Тэгснээ сэтгүүлчид рүү хандан "Битгий зураг аваад бай. Авах юмныхаа зургийг авахгүй байж" гэж агсрах нэгэн ч харагдав. Хэсэг эмэг­тэйчүүд нэгийгээ дуудаж байгаа бололтой. Дуудсан эмэгтэйг ирмэгц "Та нар чинь Хан-Уулынх биз дээ. Дошин дээрээ томорно биз, үзүү­лээд өг" гэх маягийн зүйл чанга ярих сонсогдов. Тэгж байтал 18 цагийн үед саарал жийп ирж зогсов. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ тэр   машинаас бууж ирлээ. Цугласан хүмүүс УИХ-ын гишүүний замыг тосон очиж, "Та ор ор. Манайхаан гишүүнийг оруулъя" гээд орцны үүд рүү чиглэц­гээв. Хоёр цагдаа­гийн нэг нь "Та хэн бэ. Дотогш хүн оруулж болохгүй" гэхэд "УИХ-ын гишүүнээ танихгүй хар малнууд"." УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдав. Наад хүн чинь бүрэн эрхтэй шүү" гэж ам амандаа шаагилдав. З.Баянсэлэнгэ "Би даргынхаа гэр бүлд санаа тавихаар ирлээ" гээд орцны үүдний хамгаалалтын төхөөрөмжид код хийж, цагдаа нар оруулахгүй гэж байх зуур орцны хаалга онгойж гишүүн ч ороод явчихлаа.

 Цугларсан хүмүүсийн  санаа нь амарсан бололтой УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг оруулчихаад зарим нь хаалганаас холдов. Тэр зуураа цагдаа нарт хандан "Та нар ард түмний л нэг хэсэг шүү. Эмэгтэй хүн орог л дээ. Эмэгтэй хүмүүс нэгнийхээ зовлонг ойлгоно" гэж хэлж байв.  Дотогш нэвтэрсэн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ рүү утас цохиход "Н.Энхбаяр даргын гэр рүү оруулахгүй байна. Байрны дотор талын хонгилд зогсож бай­на" гэсэн хариултыг өглөө. 15 цагаас эхлэж байрны гадаа  зогс­сон  сэтгүүлчдийг явахын даваан дээр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ  ирж дотогш нэвтэрсэн нь  энд ямар нэгэн зүйл болох нь гэсэн дохиог  өгөв. Ингээд сэтгүүлчид ч тэндээ үлдэж цааш  өрнөж мэдэх үйл явдлыг хүлээн,  үлдэхээр шийдэв.

19 цагийн үед Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян ирж  байрны доод хонгил руу ордог гараашийн хаалгаар нэг хүний хамт орчихов. Тэрбээр арав орчим минутын дараа  гарч ирсэн юм. 30 минутын дараа цугласан олны сиймхийг харж байгаа хоёр цагдаа хайрцагтай баримт дамжилсаар байрны баруун хэсгээр тойроод явчихав.  Байрны урд талд байсан саарал өнгийн машинд тэднийг суух гэж буйг мэдсэн 50 орчим насны эмэгтэй "Энд хайрцагтай баримт авч явах гэж байна шүү" гэж бусдадаа чимээ өгөв. Нөгөөдүүл нь яах ийхийн зуургүй гүйж ирээд "Явуулахгүй" гэж замыг нь хашиж зогсов. Энэ үеэр тэр хавьд байдлыг холоос ажиглаж байсан бололтой гурав дөрвөн цагдаа ирж баримт тэвэрсэн хоёрыг машинд суулгаад явуулчихлаа. Н.Энхбаярын гэрийн гадаа байдал ийн өрнөж байв. Дотор чухам юу болж буйг мэдэх арга байсангүй.

Эх сурвалжийн мэдээлснээр Авлигатай тэмцэх газрынхан  өглөөний 11 цаг 30 минутын үед энд иржээ. Тэгээд Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгоос  мэдүүлэг авсан байна. Энэ нь Н.Энхбаярын гэртээ нууж байсан баримттай холбоотой бололтой. Н.Энхбая­рын гэрт ийн нэгжлэг хийж баримт цуглуулах болсон шалтгаан нь саяхан баривчлагдсан Т.Билэгтийн хууль хяналтынханд өгсөн мэдүү­лэгтэй холбоотой гэнэ.  Мөн О.Цол­монгийн төрсөн дүү О.Мичидийг цагдаагийнхан барив­чилсан аж. Эх сурвалжийн мэ­дээлж байгаа­гаар түүнийг түүхийн үнэт олдвор хилээр гаргасантай холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл байна.

Тэрээр 1994 онд  Дүрслэх урла­­гийн музейн сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Тухайн үед түүхийн ховор үзмэр болох 115 ширхэг бүтээлийг хи­лийн чанадад гаргасан хэмээн буруутгаж байгаа бололтой. Түү­нийг тухайн үед Соёлын сайдаар ажиллаж байсан  Н.Энхбаярын тушаалаар АНУ-ын  Сан-Фран­циско хотын Азийн урлагийн музейд болсон "Монголын сэргэн мандалт, Чингис хааны өв" нэртэй үзэсгэлэнд тавихаар дээрх бүтээ­лүүдийг авч гарсан гэж үзэж буй. 

Тэр дотор Богд хааны болон хатных нь эдэлж хэрэглэж байсан дээл, бүс, малгай, Занабазарын хөрөг, мөнгөн эдлэл, Буриадын алт мөнгөн эдлэл, Халх эхнэрийн толгойн чимэглэл, лам хүний эмээл зэрэг үнэт эдлэлүүд байсан болол­той. О.Мичид саяхан эх орондоо ирээд байхад нь ийн баривчилсан сурагтай.Түүнчлэн О.Цолмонг мөн хууль хяналтын байгууллагынхан саатуулж болзошгүй байгаа аж. Авлигатай тэмцэх газрынхан  Э.Батшугарынх нь найз бүсгүй Т.Даариймаагийн аавын гэрийг битүүмжилсэн бололтой. Т.Даа­рий­маагийн аавыг С.Төмөр гэдэг аж. Тэднийх Зайсанд "Дөрвөн уулын хотхон" хороололд амьдар­даг гэнэ. Эх сурвалжийн  мэдээл­лээр С.Төмөрийн гэргий Долгор­маа руу Ууганбаяр гэх хүн  гар утас руу нь залгаад "Гэрт чинь ус алдаж байгаа юм байна. Засах хэрэгтэй байна" гэж хэлээд гэрт нь орсон бололтой. Улмаар гэрт нь орон­гуутаа эд хөрөнгийг битүүмжилсэн гэнэ.

 МАХН-ын дарга Н.Энхбаярт шүүхээс 2,6 жилийн ял оноосон ч биеийн байдал нь муудаж Улсын хоёрдугаар нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Түүний хувьд өвчний улмаас ялаас чөлөө­лөгдөх хүсэлтээ ШШГЕГ, Эрүүл мэндийн яам зэрэг байгууллагад хүргүүлсэн. Энэ хүсэлтийг нь проку­рор руу шилжүүлж, эмч нарын дүгнэлт үнэн эсэхийг нь шалгуулж дууссан байна. Шалгалтаар эмч нарын дүгнэлтүүд үнэн байна гэдгийг нь тогтоосон учир энэ долоо хоногт түүний хүсэлтийг шийдвэр­лэж магадгүй гэсэн  мэдээлэл хэвлэлээр гараад байсан юм. МАХН-ын зарим гишүүд ч  Н.Энхбаярыг гадаадад эмчлүүлэх хэрэгтэй байгаа гэсэн мэдээллийг  хэд хоногийн өмнөөс өгч эхэлсэн.

 Юутай ч ямар шалтгаанаар Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж буйгаа Авлигатай тэмцэх газрын­хан албан ёсоор мэдэгдээгүй байна. Тус газар болон Нийслэ­лийн прокурорын газраас тодруу­лах гэсэн боловч "Энэ талаар мэдэхгүй" гэсэн товчхон хариултыг өгөв. Энэ хэрэгт Нийслэлийн про­ку­рор газар хяналт тавьж байгаа аж. 

Г.ЯЛГУУН