Эдийн засгийн хүндрэлтэй үед зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байгаа гэнэ. Энэ оны есдүгээр сарын эцэст хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 828.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 48.3 тэрбум төгрөгөөр өсчээ. Мөн оны мөн үеийнхээс 364.1 тэрбум төгрөг буюу 78.4 хувиар өсөөд байгаа аж.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.9 хувийг эзэлжээ хэмээн статистикчид онцлов.Харин арилжааны банкуудын нэгдсэн тайландаа нийт чанаргүй зээлийн хэмжээ 834.5 тэрбум төгрөгтэй тэнцэж байна хэмээлээ. Үүнээс татан буугдсан “Анод”, “Зоос”, “Хадгаламж” банкуудыг хасч тооцвол чанаргүй зээлийн хэмжээ 596.6 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 70 орчим хувиар нэмэгджээ.

Чанаргүй зээлийн хэмжээ өсөхөд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал шууд нөлөөлж байгааг Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайланд онцлов. Ялангуяа гадаад валютын ханшийн эрсдлээс хамгаалах санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглаагүй хэр нь гадаад валютын зээл авсан зээлдэгчдийн хувьд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ өндөр байна.

ийнхүү чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа энэ үед банкууд зээл гаргахгүй хумих магадлал тун өндөр. Зарим арилжааны банкууд цалингийн зээлээ хүртэл хаажээ.

 

Х.Даваа