Сайдууд хаана, юу хийж явна вэ
2013/07/17
-ТЭД АМРАНГАА АЖИЛСААР...-
“Наадмын дараа намар” гэсэн үг бий. Энэ өдрүүдээс хойш өвлийн бэлтгэлээ базаахаар хаана хаанаа хичээдэг ч Засгийн газрын сайдуудын хувьд амралт нь эхлэв бололтой. Тэднийг ийнхүү ээлжийн амралтаа авч амрах зуур олон хүн буруушааж “Засгийн газраас хийж хэрэгжүүлдэг олон ажил зогслоо. “Гудамж” төслийн нээлт, “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт ээлж дараалан хойшилж, долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт, бямба гараг бүрт болдог Засгийн газрын ээлжит хуралдаан мөн адил хойшлох нь” гэж буруутган улс орны цаашдын байдалд санаа зовж байгаа юм. Энэ нь ч зөв. Гэхдээ ямар нэгэн хөдөлмөр эрхэлж буй хүн дарга цэрэг гэлтгүй бүгд л Хөдөлмөрийн тухай хуулиа дагаж мөрдөх учиртай. Тиймээс ч сайдууд ээлжийнхээ амралтыг авсан нь энэ байх. Тэднийг хаана, юу хийж байгаа талаар танилцуулъя.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ:
-Яамдууд дундаа нэлээд чухал салбарыг хариуцдаг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр өглөө яамныхаа албан хаагчидтай хурал хийсэн байна. Сайдууд бүгд амралтаа авсан ч тэрбээр ажлаа цалгардуулахгүйн тулд ажлаа хийж явна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
Тэрбээр хөдөө орон нутгаар амрахаар ганц, хоёр хоногийн өмнө хөдөлсөн бололтой. Харин түүнийг орлохоор Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ нь үлджээ.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
-Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшин өрсөлдсөн тэрбээр энэ тэрүүгээр явж нэлээд ядарсан бололтой ээлжийнхээ амралтыг авчээ. Ингэхдээ яаман дээрээ ч бараг ирэхгүй байгаа гэсэн. Түүнийг Дэд сайд Ж.Амарсанаа нь орлож байгаа ажээ.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
-Шинэхэн яамны сайд маань бусдын л адилаар амарч явна. Гэхдээ тэрбээр “Усанд хаясан чулуу шиг” алга болчихсон-гүй. Ажил төрөлдөө санаа зовнин ирж, очин байгаа аж. Түүнийг Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар нь орлож байгаа гэсэн.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
Тэрбээр амарч байгаа. Харин түүнийг Дэд сайд О.Эрдэнэбулган нь орлох үүрэг хүлээн үлджээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр
-Н.Батбаяр сайд орон нутгаар явж байгаа гэнэ. Түүний эзгүйд Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар арын албыг нь хариуцан үлджээ.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам С.Оюун
Тэрбээр ихэнх сайдын адилаар амарч байгаа аж. Харин “голомтоо сахих” үүргийг Дэд сайд Б.Тулга нь хүлээжээ.
Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл
-Тэрбээр амарчихсан байгаа ч яаман дээрээ ирж очин байгаа гэнэ. Түүнийг Дэд сайд М.Түмэнжаргал нь орлохоор үлджээ. Харин тус яамны Төрийн нарийн бичгийн дарга гадаад руу ажлаар явсан бололтой.
Гадаад харилцааны сайд Л.Болд
-Гадаад харилцааны салбарыг хариуцаж байгаа хүнийг амрах ч эрхгүй гэж болно. Манай орныг зорих элч төлөөлөгчдийн цуваа зун ч тасардаггүй. Тиймээс Л.Болд сайд ажилсаар л байна.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
-Зуны налгар өдрүүд үргэлжилж байгаа ч өвлийн улирал “хаалга тогшиход” ойрхон байгаа учраас тус яамныхан хийх ажил их байгаа. Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлээс авахуулаад хөдөө орон нутагт анхаарах зүйл их бий. Ийм учраас Х.Баттулга сайд яамныхаа ажилчдыг “Сайн ажил” хэмээн шахаж байгаа юм билээ. Энэ нь ч зүйн хэрэг. Ямартай ч тэрбээр яаман дээрээ байнга шахуу байж, ажлаа амжуулсаар явна.