Манай улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа билээ.

Энэ долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4390 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5730 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 10 төгрөгөөр өсчээ. Харин үхрийн цул мах 155 төгрөгөөр буурсан байна.

Хонины ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортжиж. Тэгвэл гурилын үнэ нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 760-1000 төгрөг худалдаалагдав.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1019-1210 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1019 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 115 төгрөг, лууван 9.2 хувиар буюу 140 төгрөг, байцаа 2.3 хувиар буюу 35 төгрөг, манжин 3.0 хувиар буюу 50 төгрөгөөр тус тус өсчээ.

Харин өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 1992 төгрөгтэй тэнцэж байна. Арилжааны банкууд 1984-1988 төгрөгөөр авч, 1994-1998 төгрөгөөр зарж байгаа юм.

 

Х.Даваа