Улсын минь нийслэл Улаанбаатар хотод  газар доорхи нүхэн гарц  гурав байдаг. Тэдгээрийн хоёрыг нь “Хотын зам”  хэмээх компани барьсан байдаг. Хамгийн сүүлд барьсан нь Сансарын тунелийн нүхэн гарц.

Гэвч энэхүү нүхэн гарц нь анх баригдахаасаа эхлээд л өнөөдрийг хүртэл маргаан дагуулсаар байна. Тодруулбал анхнаасаа тендер будилуулан байж “Хотын зам” ХХК авсан гэдгийг учир мэдэх улсууд ярьдаг. Маргаантай ч гэсэн нүхэн гарц барих ажил өнгөрсөн оны 7-р сараас эхлэн  Сансарын тунел орчмын замыг бүтэн 5 сар хаасан байдаг.  Уг нь тус замыг 3 сар л хаах байсан ч хугацаанаасаа хэтэрсэн. Энэ хугацаанд ойр орчмын замын ачаалал нэмэгдэж, түгжрэл иргэдийг ихээхэн бухимдуулж байсан түүхтэй.  Тэгсэн ч хүн бүр чанартай сайн, нүхэн гарц барьж байгаа юм байна гэж бодоод л өнгөрсөн. Улмаар уг  нүхэн гарц өнгөрсөн оны 12-р сарын 10-ны өдөр нээгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл уг нүхэн гарцыг  1.321 тэрбум төгрөгөөр барьсан бөгөөд  дөрвөн тал руугаа гарах гарцтай, 6.3 метр өргөн коридортой. Харин тунель талын урт хэсэг нь 54.1 метр, харин нүхэн гарцны зүүн талын буюу богино хэсэг нь 25.6 метр өргөнтэйгээр хийсэн.

Харамсалтай нь энэхүү нүхэн гарц маш олон алдаа дутагдалтайн дээр гэмт хэрэг гарах үндэс болсон байна.

Борооны ая даалгүй цөмрөв

Өнгөрсөн 5-р сарын 28-нд өдрийн турш үргэлжлэн орсон борооны улмаас сансарын тунелын зам зарим хэсгээрээ  доош цөмөрч орсон. Үүний улмаас  тэр орчмын айлуудын холбооны шугам сүлжээ тасарч, сансар орчмын  замыг хэсэгчлэн хааж авто зам болон доорх кабелийн болон холбооны шугамыг засварлаж  байсан. Тухайн үед уг замыг улсын комисс хүлээн аваагүй байсан нь үнэн.

Одоо ч бороо шороо орвол цөмрөх, нурах магадлал өндөр байгаа нь бас л үнэн.

Гэрэлтүүлгээ асаагаагүйн улмаас хүчингийн хэрэг гарав

Тус нүхэн гарц багагүй хугацаанд  гэрлээ асаалгүй харанхуй байсан. Уг нүхэн гарцыг “Хотын зам” компани хийж гүйцэтгэсэн бөгөөд  гүйцэтгэгч компани нь Баянзүрх дүүргийн Хэрэглэгчдэд  үйлчлэх төвд гурван сая төгрөгийн өртэй учраас цахилгааныг нь хязгаарласан ажээ.  Энэ нь иргэдийн гэмтэх болон гэмт хэргийн хохирогч болох үндсийг тавьсан байдаг. Тодруулбал гарцаар гарах гэж харанхуй нүх рүү орсноос болж гурван ч хүн унаж бэртсэн. Тэр бүү хэл энэ харанхуй гарцанд хүчингийн хэрэг гарч цагдаад бүртгэгдсэн байдаг. Мэдэгдэж, бүртгэгдсэн нь л энэ болохоос мэдэгдээгүй хичнээн гэмт хэрэг болсныг таах аргагүй.

Тохижуулалт хийгдэлгүй хүлээлгэсээр...

 Ямар ч нүхэн гарц борооны ус зайлуулагчтай байх ёстой. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Тэгтэл энэ жишгийг зөрчсөн  нүхэн гарц нь Сансарын тунелийн нүхэн гарц.  Тус нүхэн гарцад ямар ч борооны ус зайлуулагч байдаггүй. Бороо орсон тохиолдолд нэг хэсэгтээ ус нь тогтож, өнөөхийг нь хоёр залуу шавхаж байгаа харагддаг.  1.3 тэрбум төгрөгөөр барьсан байгууламжинд уг нь  нэг байтугай л ус зайлуулагч байх л ёстой.  

Энэхүү нүхэн гарцны шат нь стандарт бус болохоор гишгэгдэл эвгүй. Дан цементэн шаттай болохоор  цас орсон үед хальтирна, бороо орсон үед явахад тэнцвэр шалгаад авна.  Уг нь шатны өнгөлгөө хийх гэж байгаа бололтой юм. Гэвч эхлүүлсэн ажлаа дуусгах гэж 2 сар болж байгаа юм. Таны харж байгаа шатны өнгөлгөөг дутуу хийсэн байдалтай сүүлийн хоёр сар байсан нь үнэн. Уг нь сэтгэл гаргаад хийвэл долоо хоногийн л ажил. Энэхүү өнгөлгөөний ажил хэзээ дуусах нь эргэлзээтэй бөгөөд тодорхойгүй.

 

Тунелийн дотор бие эрэгтэй, эмэгтэй 00  уг нь байдаг. Гэхдээ нээлттэй байсан өдөр цөөн. Байнга л засвартай гэдэг. Дотор нь хүн амьтан 5 минутаас удаан байх боломжгүй чийгтэй. Тиймдээ ч өнөөдөр тус нүхэн гарцанд нэг ч аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгчид түрээсэлдэггүй бизээ.

 

Гүйцэтгэгчид нь хэн бэ?

Энэхүү гарцыг Б.Атарбаяр захиралтай  “Хотын зам” ХХК нь барьсан. Тус компани зам, гүүрийн тендерийг ногоон гэрлээр авдаг ч байнга л алдаа дутагдал гаргадагаараа алдартай. Өөрөөр хэлбэл тендерийн үнийн дүнгийн 10 хувийг захиалагч талд нь өгөөд л чанаргүй байгууламжийн ажлаа эхлүүлдэг уламжлалтай.  

Жишээ 1. 2007 онд  Их тэнгэрийн аманд амьдардаг ихэс дээдсийн явдаг Маршалын гүүрийг шинээр барихаар тендерт шалгарч улсын төсвөөс 2.4 тэрбум төгрөг авчихсан атлаа нөгөөх барих гүүрнийхээ нэг шонг ч бараг хатгасангүй хоёр жил болсон байх юм. Улмаар Ерөнхий сайдаас сануулга авч байсан түүхтэй.

Жишээ2. Багшийн дээдийн урд нүхэн гарцыг тус компани барьсан байна. 600 орчим сая төгрөгөөр барьж таван жилийн баталгаа өгсөн ч гурван жилийн нүүр үзэлгүй засварт орж байна. Одоо ч засврын ажил үргэлжилж будаг ханхлуулсаар байна. Чанаргүй, өнгө үзэмжгүй гээд энэ нүхэн гарцны талаар ам муутай байдаг.

Жишээ3. Нийслэлийн олон замын ажлыг тус компани авдаг ч замын зузаанаас нь хасаад л өөрсдийнхөө халаасыг зузаатгадаг болохыг салбарынхан нь ярьдаг.

Одоо яах вэ?

Нэгэнт ингэж хариуцлага алдаж, та бидний татварт төлсөн мөнгийг идэж, чанаргүй ажил хийж байгаа ийм компаниудад эхний удаа хариуцлага тооцох, дараагийн удаа торгох, дараагийн удаа үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь бүр мөсөн цуцлачихсан ч яахав дээ.

Олон хүний амь, амьдрал сүйдсэн нь хойно нь “хашгирч” байхаар одоо хариуцлага тооцоод алдааг нь засуулахад цаг байгаа даа татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчид аа.

Нэгийг бодож, нилээн хэдийг хийх цаг нь ирсэн шүү...

А.Баярмаа