П.Ганхуяг дарга хятадуудад орд газрыг зарсан бололтой
2013/02/14
Дорноговь аймгийн Алтанширээ сумын төвөөс хойш нэг километр хүрэхгүй газарт жонш олборлож эхлээд байгаа билээ. Энэхүү орд газар нь чимээгүй хот сумын төв хоёрын дунд байрлах бөгөөд яг салхин дээд талдаа юм байна.
Тиймээс нутгийн иргэд эсэргүүцэл илэрхийлж, энэ газарт олборлолт явуулахыг хориглож байгаа юм. Харин тус газрын лицензийг эзэмшигч нь 2030 он хүртэл хятадуудад түрээслэсэн учраас өнгөрөгч жил тус сумын нутаг хятадуудын хөлд дарагдаж өнжсөн аж. Нутгийн иргэд цай сүүнийхээ дээжийг өргөн сүсэлдэг Хөгнөө цагаан хэмээх хайрхны баруун бэлд орших энэ орд газрыг нэгэнт ашиглаад эхэлчихсэн учраас тун удалгүй нутгийн иргэдийн дээдэлж ирсэн хайрхыг ч нураах юм байна. Гэтэл тус аймгийн Засаг дарга П.Ганхуяг ирэх шинийн 15 буюу өлзий учрал бүрдсэн энэ өдөр тус орд газрыг ашиглах албан ёсны нээлтийг хятадуудтай хамт хийхээр төлөвлөсөн байж магадгүй гэсэн мэдээллийг нутгийн иргэд хүлээн аваад ихэд дургүйцэж байгаа гэнэ. Тэдний хувьд орд газрыг ашиглах албан ёсны нээлтийг хийлгэхгүй эсэргүүцнэ гэдгээ ч илэрхийлсэн. Хэрвээ энэ хууль бус үйлдлээ зогсоохгүй бол зохих газарт нь мэдэгдэж, тэмцлийн боломжит бүх хэлбэрийг ашиглана гэв.
Түүнчлэн нутгийн иргэд “Манай энэ газрыг хятадуудад зарсан нь П.Ганхуяг даргын нэг бизнес. Тиймээс аймгийн дарга ийнхүү улайрч, хятадуудад найр тавьж байна” хэмээсэн юм. Өөр нэг эх сурвалжийн хэлэх нь тус сумын нутагт байх орд газар нь Ө.Батзориг хэмээх монгол хүнд байсан бол аймгийн Засаг дарга дарамт үзүүлж байгаад хятадууд заруулсан аж. Дашрамд дурдахад тус аймгийн Засаг дарга өнгөрөгч дөрвөн жилд хятадуудтай хувийн сонирхлоор багагүй түншилсэн гэдгийг ч тэд нуусангүй.
С.Баяр