Сонгууль, наадмын дараагаар Монгол улс дахиад л бужигнаж эхэллээ. АТГ-аас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж, эхнэрээс нь мэдүүлэг авч, басхүү нэгэн хайрцагтай зүйлийг цагдаа нар авч явсан тухай мэдээлэл хэвлэлүүдээр түгээд байна.

Н.Энхбаярын бие эрс муудсан тул түүнийг гадаадад эмчлүүлэх тухай яриа гарч бүр суллачихсан ч байж магадгүй гэх "бор шувуу" нисч явсан үед ийнхүү хэрэг нь улам хүндэрч эхэлж буй бололтой.

Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийнэ, хайрцагтай баримтыг шалгахаар авч явна гэдэг бол үндсэндээ дахиад ямар нэгэн хэргийн сэжүүр илэрчээ гэсэн ойлголыг ард иргэдэд төрүүлээд байгаа юм. Гэхдээ одоогоор АТГ-аас ямар ч мэдээлэл хийгээгүй байгааг энд бас дурьдах хэрэгтэй.

Н.Энхбаярын эхнэр О.Цолмонг өчигдөр 11 цагийн үед байцаасны зэрэгцээ хүү Э.Батшугарынх нь найз бүсгүйн эцэг н.Төмөрийн хөрөнгийг битүүмжилсэн гэсэн мэдээлэл мөн түгээд байна.

Үүнээс гадна О.Цолмонгийн дүү О.Мичидийг баривчилсан гэнэ. 1994 онд Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байсан гэх О.Мичидийг түүхийн үнэд зүйлсийг хил дамнуулан худалдаалсан байж болзошгүй хэмээн шалгах гэж буй бололтой.

Ийнхүү Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийг тойрсон үйл явдлууд дахин хурцаар өрнөж эхэллээ.

Н.Энхбаярын гэрийн үүдийг цагдаа нар манаж, улмаар дотогш нэг ч хүн оруулалгүй шалгаж, мэдүүлэг авах үед УИХ-ын Баянсэлэнгэ очсон ч түүнийг мөн оруулаагүй ажээ.

Н.Энхбаярын гэрээс олсон хайрцганд юу байсан нь олны сонирхлыг гойд татаад байна. Тэрхүү хайрцганд хэнтэй, ямар хэрэгтэй холбоотой мэдээлэл, баримт байсныг АТГ-аас мэдээлэл хийх биз ээ. Ээдрээтэй хэргийн сэжүүрээс ямартай ч атгаад авсан шиг АТГ ажиллаж байна. 

Р.Гэгээ