Ахмадуудаа айлгах бол­сон Ардын намын залуус алга болох сурагтай, цаана чинь. Тэд алсын Америкаас эхлээд ойрын Бээжин рүү хүртэл нутаг сэлгэн нүүх юм байх. Ингэхдээ Харвардаас эхлээд Виржинягийн их сургуулийг “дайлаар мордоно” гэж байгаа. Зорилго нь боловсрол мэдлэгээ дээшлүүлэх. Улмаар улс төрд тууштай зүтгэх зам мөрөө тэгшлэхдээ хөшүүрэг болгох нь гарцаагүй. Тэр ч битгий хэл өнөөдөртөө “Ардын намыг шинэчилнэ” хэмээж байгаа шигээ маргааш “Монголыг шинэчилнэ” гэх болов уу. Мэдээж хэлж, ярьж буйгаас нь харахад шүү дээ.

Нүүдлийг манлайлагч нь НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ. Тэрбээр Харвардын их сургуульд төрийн захиргааны удирд­лагын чиглэлээр суралцана. Сонгож авсан чиглэлээс нь харахад улс төрөөс гарах нь бүү хэл гүн гүнзгий гэгч нь орж, бат бөх гэгч нь зууралдахаар шийдсэн бололтой юм. Түүнчлэн НИТХ дахь Ардын намын  бүлгийн дарга Д.Амарбаясгалан Жоржтауны их сургуульд хот төлөвлөлтийн чиглэлээр суралцах юм гэнэ билээ. Тэрбээр хоёр ч удаа Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгогдсон нэгэн. Тиймээс ч сүүлийн үед намаа төлөөлөн НИТХ дахь Ардын намын бүлгийн дар­гын­хаа хувиар хотын удирдлагуудыг чамгүй ихээр шүүмжлэх болоод буй. Мөн Жоржтауны их сургуулийг сонгосон дараагийн нэг НАМЗХ-ын төлөөлөгч нь Б.Асралт. Тэрбээр УИХ-ын гишүүн Сү.Батболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд нь шадар туслахаар нь ажиллаж байсан. Мөн л НАМЗХ-ын ирээдүйтэй залуусын нэг. Түүнчлэн тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ Сөүлийн их сургуульд төрийн удирдлагаар суралцах юм билээ. Тэрбээр өмнө нь мөн л Өмнөд Солонгост боловсрол эзэмшиж байсан. Харин дэд ерөнхийлөгч Д.Дэмбэрэл нь Германд суралцана.

Энэ мэтээр хилийн чинадад мэргэжил мэд­лэгээ дээшлүүлэхээр шийдсэн НАМЗХ-ын лидер залуусын дунд нэг бүсгүй байгаа нь дэд ерөнхийлөгч Х.Булгантуяа. Сүүлийн үед НАМЗХ-ны бүсгүйчүүд дундаас тодорч болсон түүний хувьд хилийн чинадад хоёр ч их сургууль төгссөн. Гэсэн ч улс төрд цаашид тууштай гэгч нь зүтгэхийн тулд Бээжингийн их сургуульд дахин суралцах хэрэгтэй гэж үзсэн бололтой юм. Өмнө нь Хятадад суралцаж, эдийн засагчийн мэргэжил эзэмшнээс нь харахад шүү дээ. Энэ мэтээр тус холбооны олон залуус ирэх намраас эхлэн хилийн чинадад суралцахаар аян замд мордоно. Яг л ардчиллын залуус УИХ-ын 2000 оны сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа АНУ-руу олноороо нүүдэллэсэн шиг. Магадгүй “Орон нутгийнхаа залуусыг ч явуулна” гэж байгаагаас нь харахад тэд илүү ихийг экспортлохоор шийдсэн байж болох юм. Наад зах нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, С.Баярцогт тэргүүтнүүд богцондоо юу хийж ирснийг судлах болов уу. Ямар ч байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирсэн даруйдаа “Нүүх үү, Үлдэх үү” хэмээн олныг ангайлган, Улаанбаата­рыг эгээтэй л Хархорин руу нүүлгэчихээгүй. Хэдий­гээр түүний санаачилга өнөөдрийг хүртэл биелээгүй ч тухайн үедээ л “Ц.Элбэгдорж бол гайхамшиг” гэсэн сэнхрүүллийг олонд хийж дөнгөсөн юм­даг. Харин З.Энхболд гишүүний тухайд аутсорсин­гийг тэр үеэс эхлэн сурталчилж, хувь хүнийхээ ялга­рах давуу тал болгож чадсан. Мэдээж өнөөдөр УИХ-ын дарга болчихсон яваагаас нь харахад АНУ-гийн улстөрчдийн амжилтын “номлол”-ыг гай­гүй сайн сурч, хэрэгжүүлэх нь тодорхой. Хэдийгээр тэд тухайн үедээ “Америкийг шүтэгчид” хэмээн шүүмжлүүлж байсан ч улс төрийг хэрхэн амжилттай хийж болоход бусдаасаа түрүүлж сурсан нь өдрөөс өдөрт батлагдаж буй. НАМЗХ-ын залуус ч үүний төлөө “нүүж” байна. Харин тэд ашгийг нь олонтойгоо хувааж хүртэж чадах болов уу. Өөрөөр хэлбэл улсад ашгаа наах уу. Их удалгүй тэднээс ийн асуух цаг ирэх бөгөөд нүүсэн нүүдлийн араас сүү өргөх монгол ёс мартагдаагүй гэдгийг санав.

 

Г.Отгонжаргал