Ч.Отгочулуу: Оюутолгой төсөл энэ эрчээрээ хэрэгжвэл Монголын эдийн засаг 35 их наяд болох боломж бий
2015/11/10
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.
-Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилснээр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ, тоогоор харьцуулж сонирхуулаач?
-Өнгөрсөн оны байдлаар манай эдийн засаг 22 тэрбум ам.доллар байгаа. 2009 онтой харьцуулахад гурав дахин өссөн дүн. Хэрвээ энэ эрчээрээ явж чадвал 2018 он гэхэд эдийн засаг 35 тэрбум ам.долларт хүрэх боломжтой. Эдийн засаг ингэж өсвөл өрийн хязгаар ч доошилно. Зээлээ төлж чадах чадвар маань ч өснө. Үүнд Оюу толгойн оруулж буй хувь нэмэр их л дээ. Эдийн засаг 2009 онтой харьцуулахад, ийм богино хугацаанд гурав дахин өссөнд Оюу толгойн хөрөнгө оруулалт чамгүй нөлөө үзүүлсэн. Оюу толгой өнгөрсөн жилүүдэд дангаараа 5-6 тэрбум ам.долларын бодит хөрөнгө оруулалт хийсэн. Энэ төсөл хэрэгжээгүй бол манай эдийн засаг арван тэрбум ам.доллараар бага, жижиг эдийн засаг байх байсан. Оюу толгой төслийн эхний үе шат Монголд ийм том нөлөө үзүүлсэн. Ил уурхай баялгийн багахан хэсгийг ашигладаг, алтны агуулга багатай. Төлөвлөсөн ёсоор гүний уурхайд байгаа баялагтай хэсэг рүүгээ орж чадвал зэсийн үнэ хэдий унасан ч орлого эрс өснө. Ойрын хоёр жилдээ 1.5 орчим тэрбум ам.долларын борлуулалт хийх тооцоо бий. Энэ жил хоёр тэрбум арай хүрэхгүй байх. Ирэх жилүүдэд борлуулалт буурна гээд байгаа нь гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой. Гүний уурхайн бүтээн байгуулалт хэдэн жил үргэлжилнэ.
-Тэгэхээр ил уурхай ядуу агуулга руугаа орчихож байна гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Цаашдаа бүрэн хүчин чадлаараа ажиллавал жил бүр 2-3 тэрбум ам.долларын нэмэлт орлого олно. Эдийн засагт том нөлөө үзүүлнэ гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэлээд өсгөж өгнө. Хэрвээ 2014 оныг суурь болгоод 2015, 2016 оныг харвал эдийн засаг дор хаяж найм орчим хувьтай өсөх боломж бий.
-Цэвэр Оюу толгойгоос хамаарах өсөлтийг хэлж байна уу?
-Тийм.
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт талаасаа Оюу толгой эдийн засагт яаж нөлөөлж байна?
-Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд энэ жил зөвхөн Оюу толгойд гэхэд 300 орчим сая ам.доллар байгаа. Жил бүр нэг тэрбум ам.доллар орно гээд тооцохоор цаашдаа өсөөд явна. Тэр хэрээрээ төлбөрийн тэнцэлд сайн нөлөө үзүүлнэ.
-Энэ жил “Оюу толгой” төсөл төсөвт татвар, төлбөр хэлбэрээр хэчнээн төгрөг төвлөрүүлэхээр байна вэ?
-2015 оны хүлээгдэж байгаа төсвийн орлого дөрвөн их наяд төгрөг. Оюу толгойн хувьд ерөнхийдөө 400 орчим тэрбум төгрөгийн татвар, төлбөрийн орлого оруулчих байх гэсэн хүлээлт бий. Энэ бол урьдчилсан таамгаар гаргасан тоо. Төсвийн орлогын арав орчим хувийг эзэлнэ гэсэн үг. Цаашдаа гүний уурхайд хөрөнгө оруулалт хийгдэнэ. Өсөн үржүүлэх коэффициентээр нэг ам.долларын хөрөнгө оруулалт эдийн засагтаа хоёр ам.долларын өгөөж өгдөг гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр гүний уурхайн хөрөнгө оруулалт эдийн засгийг нэлээд тэлэх боломж өгнө. Одоогоор Оюу толгой үйл ажиллагааныхаа нийт зардлын 60-70 хувийг Монголд зарцуулж байгаа. Тэр нь Монголын банкаар орж ирдэг. Гадуур Монголын банкаар орж ирдэггүй гэсэн буруу ойлголт анзаарагддаг. Физикийн хувьд боломжгүй л дээ. Ажилчдынхаа цалинг өгөх, дотоод ханган нийлүүлэлтийн худалдан авалт гээд мөнгө орж ирэх өчнөөн шалтгаан бий. Орж ирж буй мөнгийг цаашид өсгөх боломж ч байгаа. Монгол компаниудын оролцоог ахиулах бодлогоор нийт зардалд гарч байгаа 60 хувийг цаашдаа 80 хувь болгох зорилт тавиад ажиллаж байна. Өөрөөр хэлбэл ханган нийлүүлэлтийн жар орчим хувийг монгол компаниуд хийдэг, цаашдаа 80 хувь болгохын төлөө явна гэж ойлгож болно. Оюу толгойн бусад салбарт үзүүлэх нөлөө нь тэр хэрээр эрчтэй, далайцтай болох юм.
-Гүний уурхайн бүтээн байгуулалт зогссон жилүүдэд бид хэчнээн ам.долларын боломж алдсан бол, багцаа тооцоо бий юу?
-2013, 2014 онд Оюу толгой төсвөө батлахдаа зөвхөн үйл ажиллагааны зардал, цалинг л баталж байсан. Том хөрөнгө оруулалт хийгээгүй. Уг нь гүний уурхайд жилд ойролцоогоор 700 саяас нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх учиртай байсан. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт 2013, 2014 онд хийгдээгүй гэсэн үг. Ийм хэмжээний мөнгө эдийн засагт орсон бол шууд утгаараа хоёр тэрбум ам.долларын өгөөж өгөх байсан. Энэ хугацаанд өгөх байсан янз бүрийн татвар, цалингийн зардлуудыг тооцвол 200 гаруй сая ам.долларын боломжийг бид алдсан. Гэхдээ асуудал шийдэгдсэн. Хоёр жил үргэлжилсэн маргаантай асуудал дээр хувь нийлүүлэгчид ойлголцолд хүрээд явж байна.
-Төслийн санхүүжилт оны өмнө бүтнэ гэсэн мэдээлэл бий. Явц нь ямархуу байна вэ?
- Төслийн санхүүжилт оны өмнө бүтэх магадлал өндөр байгаа. Засгийн газраас хийх шаардлагатай алхмаа хийчихсэн. “Рио” банкуудтай хийх гэрээ хэлцлээ эцэслэх шатандаа орсон гэж би хувьдаа ойлгож байгаа. Оюу толгой дэлхийн маш нэр хүндтэй банкуудаас зээл авч байгаа. 15 нь банк, гурав нь санхүүгийн байгууллага. Дэлхийн банк, Олон улсын валютын санг гадны банк гэж буруу ойлгоод байдаг. Дэлхийн хэмжээний банк шүү дээ. Манай улс хувь эзэмшигчийнх нь нэг. Хөгжлийн шинж чанартай ийм банкууд ашиг олох зорилгоор жижиг үндэстнийг шулан мөлжих бодлого явуулдаггүй. Дэлхийн улс орнуудыг нэн ядуу, туйлын ядууралгүй байлгах зорилготой л олон улсын санхүүгийн байгууллагууд. Монголын ард түмэнд, хөгжилд нь хэрэгтэй төсөл гэдэг үүднээс Дэлхийн банкнаас Оюу толгойг дэмжиж баталгаа гаргаж өгч байгаа юм. Манайханд газраа барьцаалах нь гэсэн буруу ойлголт байна. Газрын тухай хуульд бий. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид үсрээд л газар ашиглах эрх бий. Зөвхөн ашиглах эрхтэй компани газар барьцаална гэсэн ямар ч ойлголт байхгүй. Гадны нэр хүндтэй банкууд зээлээ өгөхөөс өмнө хуулийн судалгааг маш нарийн хийдэг. Эрх зүйн хувьд ямар ч боломжгүй зүйлийг тэд барьцаанд авахгүй нь ойлгомжтой.
-Гүний уурхайн бүтээн байгуулалт ирэх хавраас ид өрнөнө гэж байгаа. Нийт хэчнээн ажлын байр бий болох нь вэ, дагаад босох салбар гэвэл та аль салбарыг онцлох вэ?
-Гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжлээд явж байна. Ид ажил нь ирэх оны хавраас эхлэнгүүт олон залуус ажилтай болно. Ажилтай болсон залуус банкнаас зээл авч таарна. Залууст хамгийн хэрэгтэй зүйл бол орон сууц, сургууль, цэцэрлэг, машин байдаг. Тэр хэрээр худалдан авалт ихэснэ гэсэн үг. Үйлчилгээний салбар тэлнэ. Дагаад барилга, банк, боловсролын салбар босоод ирнэ. Эдийн засагт наад зах нь ийм эерэг өөрчлөлт гарна. Нийтдээ 3000 орчим ажлын байр бий болно гэсэн тооцоо бий. Эдний 95 хувь нь монголчууд байх юм. Одоо бол Оюу толгой компанид 3000 орчим хүн, төслийн хэмжээнд гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийг нэмбэл нийтдээ 6000 орчим хүн ажиллаж байна. Мөн л 95 хувь нь монголчууд. Уул уурхайн том төсөлд нэг ажлын байр бий болоход дагалдаад арван ажлын байр бий болдог гэж үздэг. Өрөмдлөг, зураг дизайн, барилга гээд дагаад бий болох ажлын байр өчнөөн л дөө.
-Оюу толгой төслийн хувьд зардлын өсөлт гэж том асуудал яригдаж байсан. Ер нь дэлхийд гэж ярихад Оюу толгой шиг мега төслүүдийн хувьд зардлын хэтрэлт хэр байдаг вэ?
-Оюу толгой төслийн нэгдүгээр үе шатанд гол маргаан нь зардлын хэтрэлт байсан л даа. Хоёрдугаар үе шатанд үүнийг гаргуулахгүй байх талаар анхаарч ажиллаж байгаа. Менежмэнтийн зардлыг бууруулсан. Цаашдаа зардлыг аль болох оновчтой болгохын төлөө ажиллана. Гэхдээ зардал хоёр талтай. Нэгдүгээр үе шатанд зардал 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсний бараг хорин хувь нь НӨАТ. Компанийн хувьд зардал ч улсад орлого болоод орчихсон мөнгө. Казахстанд манайхтай ижил зардал хэтэрсэн тохиолдол гарч л дээ. Тэр үед Назарбаев “Казахын эдийн засагт мөнгө болоод орсон бол, үүний цаана казах хүмүүс ажилтай бол яахав дээ. Үүнтэй харьцуулахад том асуудал биш” гэж хэлж байсан юм билээ. Ер нь иймэрхүү том төслүүд дээр зардлын хэтрэлт их гардаг. Жишээ нь маш нарийн тооцоотой гэгддэг Герман улс байна. Зүүн Германы онгоцны буудал дээр мега төсөл хэрэгжүүлсэн жишээ бий. Анх хоёр тэрбум ам.доллар гэж тооцсон. Хоёр гурван жилийн өмнө ашиглалтад оруулна гэж анх төлөвлөсөн. Гэтэл өнөөг хүртэл ашиглалтад ороогүй, одоогоор нийт гүйцэтгэл нь найман тэрбум ам.доллар болчихсон байх жишээний. Төлөвлөж байсан зардал нь дөрөв дахин хэтэрнэ гэдэг бол том тоо.
-Олон улсын үнэлгээний газрууд манай зээлжих зэрэглэлийг бууруулж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт энэ эрчээрээ урагшилбал зээлжих зэрэглэлд нөлөөлөх үү?
-Манай зээлжих зэрэглэл сүүлийн үед буурах гээд байгаа ч эргээд сайжрах боломжтой. Оюу толгой, Таван толгой төсөл амжилттайгаар хэрэгжээд явбал зээлжих зэрэглэл нэмэгдэх нь тодорхой. Ер нь ирэх гурваас дөрвөн жилд эдийн засаг хоёр дахин томрох боломж бий. Ингэж өсөхөд хамгийн том нөлөө үзүүлэх нь мэдээж Оюу толгой төсөл. Оюу толгой Монголыг дэлхийд таниулж байна л даа. Энэ төслийн хоёр дахь үе шатанд тохирсон гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө Монголыг олон улсын хөрөнгийн зах зээлд эргүүлж авчирлаа. Стратегийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах болон урт нэртэй хуулиудаас болж гадаадын хөрөнгө оруулалт үргэсэн. Ялангуяа 2012 оноос өмнөх үед байдал маш хэцүү байсан. Сая хэлсэн санхүүжилтийн төлөвлөгөө энэ хэцүү байдлыг эргүүлэхэд чухал арга хэмжээ болсон л доо. Дэлхий дээр уул уурхайн компанийн хувьцааны үнэ хэд дахин унаж байна. Хамгийн гайгүй нь “TRQ”-гийнх. Хувьцаа нь харьцангуй тогтвортой уналттай, цаашид өсөх магадлалтай байгаа ганц компани. Оюу толгойн төслийн санхүүжилт дор хаяж 4.2 тэрбум ам.доллар. Энэ утгаараа дэлхийн санхүүгийн түүхэнд байгаагүй том хэлэлцээр. Тэгэхээр дэлхийн хөрөнгө оруулалтын зах зээлд Монголыг сайнаар сурталчлахаас аргагүй. Бизнес хийж байгаа хүмүүст маркетинг чухал байдаг. Монголыг дэлхийд таниулж байгаа, маркетинг болж буй төсөл нь Оюу толгой.
-Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад ирвэл Монголд ямар давуу талуудыг өгөх вэ?
-Одоо бол жилд 700 орчим мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байна. Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл энэ хэмжээ хоёр дахин нэмэгдэх боломжтой. Өндөр агуулгатай алт, зэс рүүгээ орохоор борлуулалтын орлого одоо байгаагаасаа хоёр дахин өсөх тооцоо бий. Тэгэхээр жилд дөрвөн тэрбум ам.долларын орлого олно гэсэн үг. Тэр үедээ хөрөнгө оруулалтаа нөхөх хэрэгтэй. Хоёрдугаарт Монгол Улс Азийн бүс нутагт нэлээд том тоглогч болно. Одоо бол бид үнэ дагагч. Дэлхийн зах зээл дээр зэсийн баяжмалын үнэ ямар байна, тэр жишгээр л баялгаа борлуулдаг. Хэрэв бид гол тоглогч болчихвол үнэ тодорхойлогч болно.
Оюу толгой олон бүлэг ордоос бүрддэг. Одоо бидний хэрэгжүүлж буй үе шат цаад ордууд руугаа нэвтрэх үүд хаалга нь. Ер нь дэлхий даяар байгалийн нөөц баялгийн хэмжээ багасч байгаа. Ил аргаар олборлох боломжтой ихэнх ордыг ашиглаад дуусч байна л даа. Цаашдаа гүний буюу илүү төвөгтэй нөхцөлтэй уурхайнуудыг ашиглах боломж хүн төрөлхтөнд үлдсэн. Оюу толгой дээр ярихад монголчууд өөрсдөө энэ төсөл дээр ажиллаж сураад, технологийг нь эзэмшчихвэл маш том боломж биднийг хүлээж байна. Цаашдаа түүхий эд экспортлохоос гадна ийм төвөгтэй нөхцөлөөс түүхий эдийг яаж гаргаж авах вэ гэдэг ур чадварыг экспортлох боломж монголчуудын өмнө нээгдэнэ. Одоо ч гэсэн Оюу толгойд ажиллаж байсан залуус гадны том уурхайнуудад ажиллаад эхэлчихсэн.
eh oron · 2015/11/14
bidnii ireedui ulam bvr....alag bolj ba.....mongold unudur arhinii delgvvr alham tutamd ba......bidniig arihaar ugjij.....ajiliin bairgui bolgoj bgan bidniig bosoj jagsah hvcngui bolgoh sanaa bg baih.....novsh gj .....vnen hetsvv ba ard tvmen min....uhaar .....seheer....bos
eh oron · 2015/11/14
bid temtseh yostoi .......
Зочин · 2015/11/10
Эдийн засаг хэд дахин өслөө, 21-р зууны гайхамшигтай бүтээн байгуулалт гэх мэтээр солиороод байх юм. Бидэнд ирж байгаа үр өгөөж гэж юу байнаа. Оюу толгойг ашигласнаар танд ийм үр өгөөж өгч байна гээд тодорхой юм хэлээд өгч чадах уу та.
Зочин · 2015/11/10
энэ этгээд юу ярьж бгаагаа мэдэж бгаа байхдаа.
zochin · 2015/11/10
Ene mangar bazaan odoo hudlaa yrij handaggui yumu? bidnii teneg gj bodood bgamu?