Сэтгүүлчдийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ
2013/07/23
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүх Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны Гадаад харилцааны хорооны дэд дарга Ван Гуочин Монголын сэтгүүлчдийн байгууллагын төлөөлөлтэй өчигдөр буюу /2013-07-23/-нд Төрийн ордонд уулзаж санал бодлоо солилцжээ. Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Д.Галаарид, Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ү.Хүрэлбаатар, Парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл нар оролцжээ.
Ноён Ван Гуочин сэтгүүлч мэргэжилтэй төдийгүй одоогийн албан тушаалд томилогдохоосоо өмнө Бүх Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлд 10 гаруй жил хэвлэл мэдээллийн асуудал хариуцан ажиллаж байжээ.
Тэрээр, хэдийгээр манай хоёр улс хаяа залган хөрш зэргэлдээ оршиж байгаа ч хоёр орны ард түмэн, хүн нэг бүр харилцан зорчиж, улс орны хөгжил цэцэглэлтэй биечлэн танилцах боломж байхгүй. Харин хүмүүсийн ойлголт, хандлагад хэвлэл мэдээлэл хүчтэй нөлөөтэй байдаг учир хоёр улсын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж байлаа. Мөн тэрээр манай сэтгүүлчдийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар сонирхож, дэлгэрэнгүй хариулт авсны зэрэгцээ хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудыг эрэлхийлэн ажиллах болно гэдгээ илэрхийллээ гэж
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.