Ардын намын залуус намын дарга аа эрэн сурвалжлах нь холгүй явна. Учир нь Ардын намын дарга Ө.Энхтүвшин усанд шидсэн чулуу мэт ор сураггүй алга болсон гэнэ. Түүний гар  утас нь холбогдохгүй байгаа бөгөөд хаана, хэнтэй, юу хийж явааг нь намынхнаас нь хэн ч мэдэхгүй байгаа аж. Саяхан Ардын намын хэсэг залуус нэгдэж “Шинэчилье” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, намынхаа удирдлагуудад намын Бага хурлаа энэ сард багтаан нэн даруй хуралдуулах шаардлага тавьсан. Гэсэн ч энэхүү шаардлагынх нь хариуг өгөх албан тушаалтнууд одоогоор эзгүй байгаа аж. Ардын намын удирдлагууд бүгд амралтын байдалд шилжсэн байгаа бөгөөд энэ нь “Шинэчилье” хөдөлгөөний залуусын төдийгүй намын жирийн гишүүдийн эгдүүцлийг хүргээд байгаа юм байх.

Ардын намын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин болон түүний багийнхныг огцруулах шаардлагыг дээрх залуус идэвхтэй хөндөж байгаагаас болсон уу, үгүй юу. Ямартай ч Ардын намын удирдлагууд “ичээ”-ндээ орсон нь намын гишүүдийг нь хагаралдахад хүргэсэн гэхэд болно. Ө.Энхтүвшин даргыг огцруулахаар ярьж байгаа шалтгаан нь зөвхөн намаа сонгуульд ялагдал хүлээлгэсэнд бус гэдгийг “Шинэчилье” хөдөл­гөөний залуус учирлаж байна. Тухайлбал, түүнийг “Намын даргын албан тушаалд очсоноосоо хойш “хайрцаглагдан” намын хувь заяаны асуудлыг хэдхэн хүнтэй зөвлөлдөж, тэднийхээ үгээр явдаг байсан” гэсэн шүүмжлэл сонгуулийн өмнө ид өрнөж байсан ч тэгэсхийгээд намжсан. Учир нь тус намынхан сонгуульд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж, намын даргынхаа зожиг зангийн тухай асуудлыг сонгуулийн дараа авч хэлэлцэхээр тохирсон юм. Үнэхээр ч Ө.Энхтүвшин дарга намын даргын албан тушаалд очсоноосоо хойш нэг намын дарга шиг бус нэлээд хэдэн хүний дарга шиг л ажилласан гэдгийг тус намын гишүүд шүүмжилсээр байна. Тэд энэхүү шүүмжлэлээ сонгуулийн дараа ил болгох гэсэн ч одоогоор хоёр хуваагдчихаад байгаа нь харамсалтай. “Шинэчилье” хөдөл­гөөнд ихэвчлэн 1980-аад оныхон багтаж байгаа. Тэд уг нь намынх нь ах нар өөрсдийг нь дэмжинэ гэдэгт итгэлтэй байсан ч энэ нь талаар өнгөрөв бололтой. Тодруулбал, Ардын намын 1970-аад оныхон тэднийг дэмжинэ гэж сонгуулийн өмнөхөн ярьж байсан үгэндээ хүрсэнгүй. Тэд намынхаа удирдлагуудын царайг хараад сонгуулийн өмнө ярьж байсан бүхнээ умартсан бололтой юм. Гэхдээ хэлсэн, ярьсандаа үнэнч, хийсэн ажилдаа тууштай ханддаг зарим нэг хүн тэднийг дэмжиж, тэдэнтэй нэгдсэн. Тэд одоо намынхаа Бага хурлыг удирдлагуудынхаа зөвшөөрөлгүйгээр хуралдуулахын тулд намын Бага хурлын гишүүдийнхээ гуравны нэг хувийн санаачилгыг авахаар гарын үсэг цуглуулж явна. Ингэж зориглож хөдлөхгүй л бол намынх нь удирдлагууд нуугдсан хэвээр байна гэдгийг тэд мэдэж байгаа учир нэлээд эрчимтэй хөдөлж эхэлсэн нь энэ. Харин залуусаасаа нүүр буруулсан удирдлагууд нь өөрсдийнх нь оролцоогүйгээр намын Бага хурлыг зарлаж чадахгүй гэдэгт итгэлтэйгээр наадамлаж яваа бололтой юм. Тэгвэл “Шинэчилье” хөдөлгөөнийхөн хүссэндээ хүрэхэд тун ойртоод байгаа аж. Түүгээр ч үл барам намын Бага хурлаар хэлэлцүүлэх асуудлуудаа нэгбүрчлэн бэлтгэсэн байгаа гэсэн. Үүнд тус намын дүрмийн өөрчлөлтийн тухай асуудал ч багтаж байгаа аж.

 

Р.Сарангоо