С.Зориг агсантай холбогдох хэргийг ТЕГ , ЦЕГ-ууд шалгаж байна
2013/02/15
С.Зориг агсныг хөнөөсөн хоёр хүнийг баривчиллаа гэсэн мэдээлэл олон нийтийн дунд тархаад байгаа. Тэгвэл энэхүү мэдээлэл баттай эсэхийг ЦЕГ-ийн хэвлэл мэдээлэл хариуцсан төвийн дарга Т. Сайнжаргалаас тодруулсан юм.
-Мэргэжилтэн хүний хувьд уг мэдээллийн талаар тайлбар өгөхгүй юу?
-С.Зориг агсантай холбоотой хоёр хүнийг АНУ-аас баривчилж авчирсан гэсэн мэдээлэл олон нийтэд түгээд байгаа нь үнэн. Тухайн хэргийг ЦЕГ болон ТЕГ зэрэг байгууллагуудын ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байгаа. Харин ажлын хэсгээс хоёр хүнийг баривчлан шалгаж байгаа гэсэн мэдээлэл огт өгөөгүй. Мөн гадаадаас хоёр иргэнийг баривчлан авчраад шалгасан зүйл байхгүй. Манай байгууллагаас тус хэргийн талаарх мэдээлэл нь ямар нэгэн баримт, үндэслэлгүй болохыг баталж байна.
-Худал мэдээлэл юунаас болж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм бол?
-Ялангуяа Chuhal.mn сайтад тухайн хэргийг үйлдэгч хоёр хүнийг баривчиллаа гэсэн худал мэдээлэл тавигдсан. Улмаар энэхүү худал мэдээллийг зарим сайт, хэвлэл мэдээллийн байгууллагууд дэвэргэж иргэдийг төөрөгдүүлсээр байна. Ташаа мэдээлэл тараасан гээд байгаа дээрх сайтыг шалгана. Мөн уг мэдээллээ татаж авах шаардлагыг холбогдох байгууллагууд нь хүргүүлсэн байгаа.
Анх энэ мэдээллийг тухайн сайтын ажилтан нь Америк улсад амьдардаг таньдаг хүнтэйгээ холбогдон тус улсаас хоёр хүн баривчилсан гэсэн мэдээллийг авсан байгаа юм. Гэхдээ энэ мэдээлэл нь С.Зориг агсантай ямар нэгэн холбоогүй. Зөвхөн сургаар сонссон баримт үндэслэлгүй мэдээллийг шууд л сайт дээрээ байршуулчихсан хэрэг. Уг хэргийн үнэн учрыг олон нийт болон нийгэм өөрөө хүлээж байдаг.
Тийм болохоор хэвлэл мэдээллийн байгууллагынхан үе, үе худал мэдээлэл цацаж, иргэдийг төөрөгдүүлэх ёсгүй. Ер нь хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж биелүүлэх шаардлагатай. Тиймээс дахин ийм баримтгүй худал мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад анхааруулж байна гэв.
Мөн энэ үеэр түүнээс cap шинийн баярын өдрүүдээр гэмт хэрэг, зөрчил хэр гарсан зэрэг цаг үеийн асуудлуудаар зарим зүйлийг тодрууллаа.
-Cap шинийн баярын өдрүүдээр гарсан хэрэг зөрчлийн тухайд?
-Улсын хэмжээнд онц ноцтой болон хүнд хэрэг гараагүй. Ер нь энэ жилийн cap шинийн баяр өнгөрсөн жилүүдийг бодвол харьцангуй тайван болж өнгөрлөө. Өнгөрөгч битүүний өдөр болон шинийн нэгэн , хоёрны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд 26-н гэмт хэрэг бүртгэгдсэн. Улсын хэмжээнд 130 орчим хэрэг бүртгэгдсэн байна. Харин шинийн хоёрноос эхлээд архины хэрэглээ нэмэгдсэн. Үүнээс болж эрүүлжүүлэх байруудад эрүүлжүүлэгдсэн иргэн олон байлаа.
Тодруулбал нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийт 405 орчим хүн эрүүлжүүлэгдсэн. Эдгээр хүмүүсийн дийлэнхи нь гэр орондоо агсам тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зэрэг шалтгаанаар саатуулагдсан. Мөн биеэ авч явах чадваргүй болсон, гудамжинд тасраад уначихсан согтуу хүмүүс цөөнгүй байсан. Ийм хүмүүсийг цагдаагийн ажилтнууд эрүүлжүүлэх байранд авчирч саатуулсан байгаа. Харин шинийн гуравнаас эхлээд гэмт хэргийн гаралт ихэсч, хэв журмын нөхцөл байдал хүндрэх шинжтэй болсон. Шинийн гуравнаас ихэнхи аж ахуйн нэгж, байгууллагуудын ажил эхэлдэг.
Ингээд ажил эхэлж, дараагаар нь золголт ихэсдэг байна. Үүний улмаас зохион байгуулалттай архидан согтуурах явдал нэмэгдэх хандлагатай болсон. Энэ сарын 13-нд гэхэд л нийслэлийн хэмжээнд 50 гаруй гэмт хэрэг бүртгэгдлээ. Тухайн өдөр гарсан гэмт хэргийн тоо шинийн нэгэн хоёрны өдрүүдээс даруй хоёр дахин их болж өссөн байгаа юм. Ер нь албан байгууллагын ажилчид золгох, дараагаар нь бөөнөөрөө нийлж баар, ресторанд суух болсноос цагдаагийн байгууллагад ирэх дуудлага нэмэгддэг.
-Улсын хэмжээнд зам, тээврийн осол цөөнгүй гарсан байх?
-Өмнөх cap шинийн баярын өдрүүдээр зам тээвэртэй холбоотой осол, хэрэг ихээр гардаг байсан. Харин cap шинийн баяраар орон нутгийн зам болон зам тээврийн осол гараагүй гэдэг нь сайшаалтай. Харин нийслэлийн гэр хороолол, ялангуяа хотын захын хэсгүүдээр автозамын түгжрэл их байлаа.
-Он гарсаар зочид буудалд үйлдэгдсэн гэмт хэрэг ихсэх хандлагатай байна. Энэ тухайд танай байгууллагаас ямар хяналт, шаардлага тавьж байна вэ?
-Өнгөрөгч сарын байдлаар зочид буудалд үйлдэгдсэн 54 хэрэг бүртгэгдсэн байгаа. Эдгээр хэргүүдийн дийлэнхи хувийг бусдын амь насыг санаатай хөнөөсөн болон хохирогч өөрөө золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг эзэлж байна. Мөн танхайн гэмт хэргүүд цөөнгүй гарлаа. Зочид буудлуудад гарч байгаа гэмт хэргүүдэд цагдаагийн байгууллагаас судалгаа хийсэн.
Судалгаанаас үзвэл архидан согтуурснаас болоод гэмт хэрэг үйлдэгддэг. Үүнээс болоод хүчингийн гэмт хэрэг нэмэгддэг. Ер нь нийслэлийн хэмжээнд болон аймаг, орон нутгуудад гарч буй хүчингийн гэмт хэрэг ихэвчлэн зочид буудалд үйлдэгддэг гэдэг нь судалгаанаас ажиглагдсан. Тодруулбал хамт архидан согтуурсан, биеэ авч явах чадваргүй болсныг нь далимдуулж хүчирхийлсэн байдаг.
Энэ төрлийн зөрчил, өргөдөл гомдол болон танхайн хэрэг, дуудлага цагдаагийн байгууллагуудад ихээр ирдэг. Сүүлийн үед архи ууж, танхайрдаг газар нь зочид буудал болчихоод байна. Тиймээс зочид буудалд тавих шаардлагыг өндөрсгөх хэрэгтэй. Өнгөрсөн онд зочид буудлын цонхоор үсэрч амь насаа хорлосон, төрсөн хүүхдээ орхиод явсан, нярайн цогцсыг үлдээгээд явсан зэрэг жигшүүрт хэргүүд удаа дараа гарлаа.
-Зочид буудлуудын үйлчилгээ, чанарыг өндөрсгөнө гэлээ. Энэ тухайд цагдаагийн байгууллагаас ямар зохицуулалт хийдэг вэ?
-Цагдаагийн байгууллага бол шууд зочид буудалд хяналт тавихгүй. Харин зочид буудал ажиллуулах ажлын зөвшөөрөл олгодог нийслэлийн болон дүүргүүдийн үйлчилгээний хэлтэс, мэргэжлийн хяналтын байгууллагуудад нь албан ёсны шаардлага хүргүүлдэг. Хэрэв зочид буудалд гэмт хэрэг гарвал цагдаагийн байгууллагаас түүний шалтгаан нөхцлийг нь судлаад, арилгуулах шаардлагыг тухайн байгууллагуудад нь хүргүүлдэг. Бидний тавьсан шаардлагын дагуу тухайн байгууллага буюу зочид буудлууд хаадаг. Гэвч үйлчилгээний шаардлага хангаагүй зарим зочид буудлууд хоёр, гурав ч хонолгүй шинэ нэр, өөр эзэнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх явдал гардаг.
Б.Батбаатар
Эх сурвалж: "Нийслэл таймс"