Цахилгааны шөнийн хэрэглээг 38.55 төгрөгөөр буурууллаа
2015/11/26
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгааны шөнийн хэрэглээнд эрчим хүчний тарифын дэмжлэг үзүүлж гэр хорооллын айл өрхүүд цахилгаанаар орон гэрээ халаах боломжийг бүрдүүлэхийн тулд бодлогын хувьд дэмжих зайлшгүй шаардлага гарлаа.
Эрчим хүчний сайд Д.Зоригт "Цахилгааны хэрэглээний бүтцэд шөнө хэрэглэж байгаа цахилгаан 149 сая киловат цаг буюу нийт эрчим хүчний хэрэглээний 4 хувийг эзэлж байна. Төвийн бүсийн хэрэглэгчдийн нийт хэрэглээний 56.8 хувийг энгийн тоолуураар, 43.2 хувийг тарифт тоолуураар тооцож байгаа. Одоогийн мөрдөж байгаа тарифаар нэг киловатт цаг эрчим хүчийг 77.10 төгрөгөөр тооцож байгаа бол шөнийн цахилгааны хэрэглээнд 50 хувийн хөнгөлөлт үзүүлснээр 38.55 төгрөг болж буурах юм. Цахилгааны шөнийн тарифт 50 хувийн хөнгөлөлт үзүүлснээр эрчим хүчний салбарын хэмжээнд тарифын шууд бууралтаас 3.2 тэрбум, энгийн тоолууртай хэрэглэгчид тарифт тоолуурт шилжихэд 2 тэрбум, нийт 5.2 тэрбум төгрөгөөр салбарын орлого буурна. Эрчим хүчний салбарын алдагдлыг тэглэснээр гэр хорооллын хэрэглэгчдийн шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөх боломж бүрдэж байна" хэмээлээ.
Агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний системийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаагуур хэрэглэх тогтолцоог дэмжин ирэх сарын нэгнээс эхлэн гэр хорооллын хэрэглэгчдийн нэг киловат цаг эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувь хөнгөлж, 38.55 төгрөгт шилжүүлэхээр болсон юм.