Энэ сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч эмэгтэй гэр бүлийн хамт халдлагад өртөж амь насаа алдсан хэрэг гарсан.

Тодруулбал П.Батбаяр гэрлэлтийг нь зөвшөөрсөнгүй хэмээн аав, ээж, хэрэг бүртгэгч эмэгтэй болон нагац ахыг нь хэд хэд хутгалж, хэргийн газраас зугтсан бөгөөд түүнийг орон даяар эрэн сурвалжилсан. Цагдаа нар шуурхай ажилласны дүнд хэрэгтэнг өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан бөгөөд одоо хорих 461-р ангид саатуулж байна. Тэрбээр эхний мэдүүлгээрээ хэргээ хүлээгээд байгаа юм. Өөрийг нь хаясанд Ш-д бухимдаж, гэрлэлтийг нь зөвшөөрөөгүйд гэрийнхэнд нь өс санаж хэргийг үйлдсэн гэдгээ хүлээгээд байна.

П.Батбаяр талийгаачийн аавыг цээжин тус газар хэд хэд хутгалсны улмаас газар дээрээ өнгөрсөн байна. Талийгаачийн аав мөн цагдаагаас тэтгэвэрт гарсан ажээ.

Цагдаагийн албан хаагч Ц-ийн хувьд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад Баянзүрх дүүрэгт томилогдоод удаагүй байсан бөгөөд эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан.

Хэрэг болох үед гэрт байсан талийгаачийн ээж, ах нар мөн хутгалуулсан бөгөөд тэд яаралтай хагалгаанд орсон. Харамсалтай нь талийгаачийн ээж шархаа дийлэлгүй өнгөрсөн бямба гарагт нас баржээ.

Хэргийн талаар талийгаачийн нагац ах гэр рүүгээ залгаж мэдээлэл өгсөн бөгөөд одоогоор түүний биеийн байдал сайнгүй байгаа.

Энэ хэргийг үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Пүрэвийн Батбаяр 1985 онд төрсөн. Бүрэн дунд боловсролтой. Ачаа тээвэрлэдэг. Танхай болон хулгайн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан, тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байжээ.

 

А.Баярмаа