“Эрдэнэт” үйлдвэр төлөвлөгөөгөө биелүүллээ
2015/01/05
Тус үйлдвэр 2014 онд 29 сая 433 мянган тонн хүдэр олборлож, 26 сая 126 мянган тонн хүдэр боловсруулан баяжмал дахь зэс, молибдений чанараа дээшлүүлжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн олон үзүүлэлт төлөвлөгөөнөөс давсан учир улс, орон нутгийн төсөвт оруулах татварын гүйцэтгэл ч 100 хувь биелж байна. Тус үйлдвэр 2014 онд улсын төсөвт 372,4 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 76,1 тэрбум, нийт Монгол улсын төвлөрсөн төсөвт 448,4 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүллээ. 2015 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг ашиглалтанд оруулж, хүчин чадлаа нэмэгдүүлэх юм. Энэ хэрээр улс эх орны эдийн засагт оруулах хувь нэмэр дээшилнэ.
Уурхайчин хамт олныхоо нийгмийн асуудалд “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн удирдлагууд онцгой анхаардаг. Энэ онд ажиллагчдаа орон сууцны хөтөлбөрүүдэд хамруулж, үйлдвэрийн хэмжээнд бүтээмж, инновацийн хөдөлгөөнийг идэвхжүүлэн санаачилгатай ажилласан ажилтнаа урамшуулах сан бүрдүүлэн ажиллана. Мөн 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн “Шилэн дансны тухай” хуулийн хүрээнд төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагааг ил тод, нээлттэй ойлгомжтой байлгах, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.