Шахааны бизнесээс ангижирсан Эрдэнэт үйлдвэрийн зоо тэнийх нь
2015/03/04
Өнгөрсөн онд үүсэн байгуулагдсаныхаа 35 жилийн ойгоо тэмдэглэж төр засгаас “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт сүүлийн 10 гаруй жилд Ган бөмбөлөг, Белазын дугуй, элдэв төрлийн ремен, резин, бүх төрлийн сэлбэг хэрэгсэл гээд асар үнэтэй шахааны бизнес ёстой л цэцэглэн хөгжиж, монголчуудыг 30 гаруй жил тэжээж байгаа энэ аварга үйлдвэрийн хувь заяаг бараг л мөхөөхийн өмнөхөн тулж ирээд байжээ.
Өөрөөр хэлбэл 2006 оны нэгдүгээр сараас 2012 оны наймдугаар сарыг хүртэлх зургаахан жилийн дотор Монгол, Оросын хамтарсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг чиглэсэн улстөрчид, бизнесийн томчуудын шахааны бизнес энэ үйлдвэрийг бараг л дампууруулах шахсан түүхтэй.
Өнөөдрийн УИХ-ын гишүүдийн дунд ч Эрдэнэт үйлдвэрт 20 жил хэрэглээд барагдахгүй бичгийн цаас, 00-ын цаас, амны хаалт, салфетка зэргийг шахаж түнтийтлээ баяжчихсан эрхмүүд “Төрийн өмчит компаниудыг даруйхан хувьчилъя” гэцгээгээд гүйлдэж л яваа.
Даваацэрэн захирал онцлоод 2014 оноос улстөрчид, бизнесийн бүлэглэлүүдийн Эрдэнэтийг чиглэсэн шахааны бизнес бүрмөсөн устаж алга болно гэдгийг мэдэгдсэн.
Эрдэнэт үйлдвэрийг эдийн засгийн хувьд дампуурахаас нь өмнөхөн амжиж 2013 оны дөрөвдүгээр сард хамтарсан үйлдвэрийн зөвлөлийн хурлаар Ц.Даваацэрэнг Ерөнхий захирлаар томилсон нь тус үйлдвэрийн захирлаар анх удаа улстөрийн бус, жинхэнэ мэргэжлийн хүн томилогдсон хэрэг байв.
Ц.Даваацэрэн Ерөнхий захирлын хувьд урьд нь Бор-Өндөр, Бэрх, Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүдийг алдагдлаас гарган ашигтай ажиллуулж байсан уул уурхай, хүнд үйлдвэрийн хамгийн сайн бэлтгэгдсэн удирдагч аж.
Тиймдээ ч Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилогдон ажилласан жил хүрэхгүй хугацаанд элдэв шахааны бизнесийг хориглосны үр дүнд 38 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаад байгаа ажээ.
Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр 26 сая тонн хүдэр боловсруулж, 119 мянган тонн зэс, 1800 тонн молибден үйлдвэрлэжээ. Гэхдээ ийм амжилттай ажиллахын тулд Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн нэг жилийн хугацаанд ёстой л бүсээ чангалж, бүх төрлийн өр авлагаа барагдуулах гэж чардайн зүтгэсний хүчинд складын үлдэгдлээ 19 тэрбум төгрөгөөр багасгаж чадсаныг Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга Д.Даваасамбуу онцлон тэмдэглэж байсан.
Түүнчлэн олон газраас авах авлагыг 70.9 сая, өглөгийг 34.9 сая ам.доллараар бууруулсан нь өр, авлагатай бүх талаар тэмцсэний үр дүн ажээ.
Хамгийн гайхалтай нь томоохон улстөрчдийн Эрдэнэт үйлдвэрт ширхэгийг 50 мянган ам. доллараар шахдаг байсан Белазын дугуйг одоо 28 мянган ам.доллараар авч ганц ширхэг дугуйнаас 22 мянган ам. доллар хэмнэж байгаа чихэндээ ч итгэмгүй үнэн бодит байдлыг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн танилцуулахдаа толгой сэгсэрч харагдана лээ.
Өдгөө ч УИХ дахь МАН-ын бүлэгт идэвхтэй үүрэг гүйцэтгэсээр яваа эрхмүүд Эрдэнэт үйлдвэрт нэг тонн ган бөмбөлөгийг 2200 ам. доллараар шахдаг байсныг өнөөдөр 950 ам.доллар болгож тонн тутмаас 1250 ам.доллар буюу 2.160.000 төгрөг хэмнэж байгаа аж.
Эрдэнэт үйлдвэрийн өмнөх даргын үед нэг тн хүхэрт натрийг 680 ам.доллараар авч үйлдвэрийн үйл ажиллагаанд ашигладаг байсан бол өнөөдөр энэ түүхий эдийг 570 доллараар худалдаж авдаг болж.
Ил тод байдал, чөлөөт өрсөлдөөн бий болсны үр дүнд ийм хэмнэлттэй ажиллаж байна гэдгийг Ц.Даваацэрэн захирал онцлоод 2014 оноос улстөрчид, бизнесийн бүлэглэлүүдийн Эрдэнэтийг чиглэсэн шахааны бизнес бүрмөсөн устаж алга болно гэдгийг мэдэгдсэн нь Монгол Улсын нийт төсвийн 40 хувийг дангаараа бүрдүүлдэг энэ үйлдвэр зөв зам дээрээ найдвартай зогссоныг илтгэж байна.
Эрдэнэт үйлдвэр 2011 онд импортоор 227 тэрбум төгрөгийн худалдан авалт хийснээс найман хувийг нь дотоодын үйлдвэрлэгчдээс авч байж.
Харин 2013 онд хийсэн нийт худалдан авалтын 15 хувийг дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн эзэлсэн бөгөөд энэ онд импортыг орлох бүтээгдэхүүний эзлэх хувийг 40 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьжээ.
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 2011 онд 535.8 тэрбум, харин 2012 онд 500.8 тэрбум төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ хөрөнгөөс 110 тэрбумыг нь Хүний хөгжил сангийн хөрөнгөд шилжүүлсэн гэнэ. Орос, Монголын хамтарсан “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр” нь 2011 онд 127, 2012 онд 139 тэрбум төгрөгийн агуулахын үлдэгдэлтэй байж.
Агуулахын үлдэгдэл өндөртэй, шахааны бизнес газар авсан цагт үйлдвэрийн санхүүгийн байдал уруудаж, дампуурлын ирмэгт хүрэх өндөр эрсдэлтэй. Өнөөдөр ч “Эрдэнэт” үйлдвэрийн агуулахад 100 гаруй тэрбум төгрөгийн ашиглагдахгүй шахааны бизнес гэгдэх тоног төхөөрөмжийн дотор таван тэрбум төгрөгийн үнэтэй эксковаторууд хэвтэж байгаа гэнэ.
Ямартай ч Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр ил болсон эдгээр баримтуудаас харвал одоохондоо монголчуудын “Саалийн ганц үнээ” хэвээрээ байгаа Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр улстөрчид, бизнесийн бүлэглэлүүдийн түрүүвчийг түнтийлгэдэг асар том шахааны бизнес байхаа больж эхэлж байгаа юм байна.
Эрдэнэт үйлдвэрийг тал талаас мөлждөг этгээдүүдийн гар мухардаж, энэ үйлдвэрийн нуруу одоо л нэг тэнийх нь бололтой.