МАН-ыг шинэчлэх болон цаг үеийн асуудлаар хуралдаж байгаа МАН-ын бага хурал цайны цаг болсон тул завсарлалаа.  Хэдийгээр ирц тааруу байсан ч хэлэлцэх асуудлуудаа эхнээс нь хэлэлцсэн бөгөөд намын дарга Ө.Энхтүвшин тайлангаа хуралд тавиагүй байгаа ажээ. Ингээд бид МАН-ын бага хурлын гишүүн  Д.Очирбатаас цөөн зүйл тодруулснаа хүргэе.

- Бага хурлын ирц бүрдсэн үү?

- Бага хурал цаг хугацааны хувьд хүмүүс амарчихсан, амралтын байдалд орсон байсан учраас  ирц муутай байна. Гэхдээ ирц хүрсэн. Цайны цаг болсон болохоор түр завсарлаад байна. 15:00 цагт  бага хурал эргэж хуралдана.

- Намын даргыг солино гэж байгаа энэ үед намын дарга тайлангаа тавьсан болов уу?

- Намын дарга бага хурал дээр орж ирж илтгэлээ тавиагүй байна. Ямар ч байсан тайлангуудыг хэлэлцэнэ.  Ер нь шат шатны сонгуульд яагаад амжилт  үзүүлээгүй вэ гэдгийг нухацтай ярилцах байх.  

Өнөөдрийн хувьд гол яригдаж байгаа зүйл бол нам сонгуульд ялагдаад байгаа энэ хэцүү үед намынхаа хуралд ирж суудаггүй, намынхаа татвараа төлдөггүй, намынхаа үйл ажиллагаанд ордоггүй, сонгуулийн үеэр намынхаа эсрэг сонгуульд явж, намаа муулдаг олон урвагч, байр суурьгүй хүмүүсийн талаар ярих  байгаа.

- МАН-ын шинэчлэлийг таны хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-  МАН-д шинэчлэлийг ул суурьтай хийх асуудал. Яагаад гэхээр МАН Монгол улсыг 90 гаруй жил авч явсан хүчний нэг.  Шинэчлэлийн асуудлаас Монгол  улсын  нийгэм, эдийн засаг, улс төрийн хувь заяа их шалтгаална. Тийм учраас энэ удаагийн бага хурлаар олон асуудлыг хэлэлцэх байх. Гэхдээ гол асуудлыг намынхаа их хурлаар хэлэлцэнэ.

- Намаа шинэчилье гэж байгаа залуусын хувьд?

- Намаа шинэчилье гэдэг нь сэтгэл, үйл хэрэг нь сайн хэрэг. Гэхдээ зөвхөн шинэчлэлийг залуучууд, нэг хэсэг хүмүүсийн саналаар хийдэггүй.  Үүнийг нам өөрөө, намын үзэл баримтлал, дүрэм журамд өөрчлөлт хийх зэргээр олон өөрчлөлт хийж байж цогц шинэчлэл болно.  Хэн нэгнийн санаачлагаар дутуу яаруу, бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг хийвэл нам шинэчлэгдэхгүй. Шинэчлэл хийвэл нам өөрөө доривтой хийх хэрэгтэй.

- Тодруулга өгсөн таньд баярлалаа.

 

МАН-ын Бага хурал завсарлаад байгаа  энэ цаг үед УИХ-ын гишүүн, МАН-ын бага хурлын гишүүн Ж.Энхбаяраас тодруулга авлаа.  

-МАН-ын бага удаагийн хурлын талаар ярилцлагаа эхлүүлье?

-Энэ Бага хурал улстөрийн мөчлөг өнгөрсний дараа цаг хугацаандаа болж буй хурал. Өнөөдрийн Бага хурлаар бид Их хурлаа зарлан товлоно. Анхан шатны төлөөлөл ирнэ, олон түмнээрээ алдаа оноогоо хэлэлцэнэ. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг авч хэлэлцэх, нийгэмд үүсээд байгаа нөхцөл, МАН-ын бодлого, алдаа оноог ярилцана.

Шинэчлэл бол хүн солих асуудал биш. Улстөрийн сонгууль болсон, үр дүн гарсан үүний дагуу нам  Бага, Их хурлаа зарлаж байгаа.

-Бага хурлын ирц тааруу байгаа гэж байна. Үүнийг намын удирдлагуудын зохион байгуулсан гэх яриа байна. Үүнд та тайлбар өгөхгүй юу?

-Үгүй. Бид чинь их сайхан ард түмэн шүү дээ. Наадамлаж дуусаагүй байна. Гэхдээ хамгийн их санаа зовох зүйл бол Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн байдал. Болдог бол яаралтай Их хурлыг товлох, Улсын төсөвт тодотгол хийх хэрэгтэй байна.  Валютын нөөцийн хомсдолд орсноо эхлээд  эдийн засгийн байдал ноцтой болоод байна. Намын Бага хурал зөвхөн дарга цэргээ солихоос илүүтэйгээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт үнэлгээ өгч дүгнэх хэрэгтэй байна.  Эдийн засаг ноцтой байгаа энэ л муу мэдээ байна.

-МАН шинэчлэгдэх ёстой гэдэг дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинэчлэл гэдэг бол тасралтгүй үйл явц. Энэ жамаараа л явж байна. МАН ч шинэчлэгдэнэ гэж бодож байна. Нам өнөөдөр нөхцөл байдлыг зөв үнэлээд түүнийгээ ард түмэндээ зөв илэрхийлээд, манлайлаад явах ёстой.

- МАН бодлогоор шинэчлэгдэж чадах уу?

-Их хурал бодлого гаргадаг. Улс орны хэмжээний бодлого, намын дотоод бодлого, бүтэц, зохион байгуулалтаа гаргадаг. Харин бодлогыг дараа нь хэн гэдэг, ямар баг авч явах гэдэг хамгийн сүүлчийн асуудал. Эхлээд бид бодлогоо, өөрчлөлт, дүгнэлтээ гаргаад ямар баг авч явах вэ гэдгээ шийдвэрлэнэ. Түүнээс өнөөдөр хэн нэгэнд тааруулж бодлого гаргахгүй.

- Тодруулга өгсөн таньд баярлалаа

 

МАН-ын бага хурлаар  намын даргыг өөрчлөх асуудал яригдаж байгаа. Намын дарга өөрчлөгдөх эсэх нь Ө.Энхтүвшин даргаас шууд хамааралтай юм. Өөрөөр хэлбэл МАН-ын дүрэмд намын даргын орон тоо гарсан тохиолдолд л асуудлыг бага хурлаар хэлэлцэнэ гэж заасан байгаа. Тэгэхээр МАН-ын дарга Ө.Энхтүвшин өөрөө намын даргын суудлаасаа татгалзсан тохиолдолд намын даргын асуудлыг энэ удаагийн бага хурлаар хэлэлцэх юм.  

МАН-ын бага хурлын талаар бид эргэн мэдээллэх болно.

А.Баярмаа