Энэ он гарсаар олны анхаарал татсан хэрэг олон гарав. Жилийн жилд л дуулиан шуугиан тарьсан онц ноцтой хэргүүд гардаг. Тэр бүрд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад л өнгөрдөг.

Гэвч цаашаа хэрхсэн талаархи мэдээлэл төдийлөн олонд хүрдэггүй. Бид энэ онд гарсан олны анхаарал татсан хэргүүд хэрхэн шийдэгдсэн болоод шалгалтын явцын талаар багцлан хүргэж байна.

ЦАГДАА БУУДСАН ХҮҮХДҮҮДЭД ХОЁР ӨӨР ЗҮЙЛ АНГИАР ЯЛ ТӨЛӨВЛӨЖЭЭ

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтан Б.Төмөрчөдөрийг насанд хүрээгүй хүүхдүүд хөнөөсөн ноцтой хэрэг гарсан билээ. Уг хэргийг тус сумын харьяат К.Хапар, К.Сапаргалы, Х.Сайбаш гэх дунд сургуулийн сурагчид үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Одоо уг хэрэг шүүхэд шилжээд байгаа бөгөөд дээрх хүүхдүүдэд хоёр өөр зүйл ангиар ял төлөвлөжээ. Ингэхдээ бүгдэд нь хамааруулан шалгаж байсан хүн амины хэргийг хоёрынх нь хэргээс салгаж, хэрэгсэхгүй болгон, хулгайн хэрэгт нь ял ногдуулахаар болоод байгаа аж. Харин Б.Төмөрчөдөрийг буудаж хөнөөсөн хүүд хулгайн хэргээс гадна хүн амины хэргээр тус тус ял ногдуулахаар төлөвлөсөн байна. П.Хапар нарын гурван этгээд тухайн үед дэлгүүр ухаж байсныг цагдаагийн ажилтан Б.Төмөрчөдөр мэдэж, газар дээр нь баривчлахаар хэргийн газарт очсон ч тэдэнд буудуулан нас барсан юм.

ТӨРСӨН ХҮҮГЭЭ ХӨНӨӨСӨН Г.БОШИГТЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭЭД БАЙНА

Өнгөрсөн хоёрдугаар сарын 3-4- нд шилжих шөнө МоАХ-ын дарга асан Г.Бошигт өөрийн төрсөн хүү Х-гийн амь насыг хөнөөсөн. Тэрбээр хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байдан. Өдгөө 71 настай Г.Бошигтыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм. Мөн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-т зааснаар бусдыг санаатай хөнөөсөн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Харин уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорын байгууллагад шилжүүлээд байсан. Тэгвэл уг хэргийг прокурор хянаж дуусаад, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Тиймээс Г.Бошигтод холбогдох хэргийг шүүх хурал тун удахгүй болно.

БУУДАЛД АМИА АЛДСАН ЭМЭГТЭЙН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН ХЯНАЛТАД ШИЛЖИВ

Баянгол дүүргийн арванхоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “High class” зочид буудалд үйлчлүүлж байсан Ш гэх эмэгтэй өнгөрсөн нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө зургаан давхрын цонхоор унаж амиа алдсан хэрэг гарсан билээ. Уг хэрэгт хохирогч эмэгтэйтэй хамт явсан найз болох 35 настай Г болон БНХАУ- ын иргэн У нарыг сэжиглэн шалгаж байгаа бөгөөд тэднийг ШШГЕГ- ын харьяа цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулаад байгаа юм. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Улсын мөрдөн байцаах газрын онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн бол УМБГ-аас прокурорын хяналтад шилжүүлсэн байна.

Б.ЕСҮГЭНИЙ ААВ ГОМДОЛ ГАРГАЛАА

Одоогоос жил орчмын өмнө буюу өнгөрсөн оны есдүгээр сарын 3-нд Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэр буюу П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн баруун талын III, IV хороолол уруу өгсөх замд 12 настай охины дээрээс барилгын зуурмаг шахагч машины сум унаж амь насыг нь хохироосон эмгэнэлт хэрэг гарсан. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн шүүхэд болж шүүгдэгчдэд 1-2 жилийн ял оноосон бөгөөд үйл ажиллагаа явуулах эрхийг нь тодорхой хугацаагаар хассан юм. Гэвч талийгаач Б.Есүгэний аав анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Уг гомдлыг Нийслэлийн шүүх хүлээн авч танилцсан бөгөөд тун удахгүй түүний гомдлыг хэлэлцэхээр болоод байгаа юм.

Ч.ЭНХ-АМГАЛАН НАРЫН ХЭРЭГ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦЖЭЭ

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, ар талын газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Ч.Энх-Амгалан, Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Г.Уранцэцэг нар төсвөөс гадуур данс үүсгэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэргийг Нийслэлийн прокурорын газар хянаж байсан ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Тэднийг өнгөрсөн оны аравдугаар сард Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273.2-т зааснаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан, 271.1-т зааснаар албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдсэн, 264.1-т зааснаар төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн, давтан үйлдэл гаргаж, их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Дээрх нэр бүхий хурандаа нарын гэм буруутай үйлдэл нь шүүхээр эцэслэн тогтоогдвол таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай юм.

Ч.ГАНСҮХИЙН ХЭРЭГТ ШҮҮГЧ ТОМИЛОВ

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхэд холбогдох хэрэг Чингэлтэй дүүргийн прокуророос Нийслэлийн шүүхэд очоод удаагүй байгаа билээ. Тус шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан ч улсын яллагч нь эсэргүүцэл бичиж, шүүхэд ирээд байгаа. Харин уг хэрэгт Нийслэлийн шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэнг өчигдөр томилжээ. Хэргийг шүүгч уншиж дуусаад харьяалал тогтоон аль нэг дүүргийн шүүхэд шилжүүлэх юм байна. Түүнийг хууль бусаар хөрөнгөжиж, өөрийн хүү Г.Ганзул, нууц амраг О.Бямбасүрэн нартайгаа нийлж 17 тэрбум төгрөг хувьдаа завшсан хэргээр буруутган яллах дүгнэлт үйлдчихээд байгаа юм. Гэхдээ Ч.Гансүхийн хамсаатнуудын хэргийг тусгаарлан шалгаад удаж буй.