Манай улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн хэмжээ өнгөрсөн нэгдүгээр сард 339 тэрбум төгрөг, урсгал зардал нь 266 тэрбум болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 73 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
 
Энэхүү таатай мэдээг өчигдөр Үндэсний статистикийн хорооноос сэтгүүлчдэд дуулгав. Тэд өмнөх шигээ макро эдийн засгийн үзүүлэлт өсөх хандлагатай байгааг хэвлэлийнхэнд нэлээд удаан тайлбарласан. Тус хорооны төрийн удирдлагын газрын дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 21 мянган хүнээр буурч, амаржсан эх болон хүүхдийн тоо нэмэгджээ. Хэвлэлийн хурлын үеэр Үндэсний статистикийн хорооны гаргасан статистик мэдээлэл жирийн иргэний амьдралтай огт наалдахгүй байгааг шүүмжлэх хүн ч цөөнгүй байв. Учир нь өнгөрсөн онд иргэний цалингийн дундаж хэмжээ 500- 598 мянгын хооронд хэлбэлзэж байлаа гэсэн өгүүлбэрийг сонсоод сэтгүүлчид ийн бухимдсан хэрэг. Үүнээс болж Үндэсний статистикийн хорооны өслөө, нэмэгдлээ гэх бэлэг дэмбэрэлтэй тоо үнэн эсэхэд эргэлзэж эхэлснээ нуух юун. Энэ өвөл улсын хэмжээнд цас зуд нүүрлэж, нөхцөл байдал хаа сайгүй хүндэрсэн. Цаг агаарын энэхүү таагүй байдал малын тоо толгойд хэрхэн нөлөөлснийг сэтгүүлчид ихэд сонирхов. Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Т.Гантөмөр “Өнгөрсөн сард том малын зүй бус хорогдол 72 мянган толгойд хүрсэн.
 
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 49 мянган толгойгоор илүү хорогдсон гэсэн үг” гэв. Тус хорооны мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар энэ оны нэгдүгээр сард макро эдийн засгийн үзүүлэлтүүд өсөх хандлагатай байсан аж. Харин нийгмийн үзүүлэлтүүдээс халдварт өвчний гаралт өмнөх саруудаас буураагүй гэдгийг хэлсэн. Тодруулбал, өнгөрсөн сард халдварт өвчнөөр 4370 хүн өвчилжээ. Үүнийг өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал тэмбүүгээр өвчлөгсдийн тоо 268, салхин цэцгээр 257, гонококт халдвараар 141, сүрьеэгээр 32- оор нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Манай улс өнгөрсөн сард дэлхийн 91 оронтой худалдаа хийснээс гадаад худалдааны бараа эргэлт 779 сая ам.долларт хүрчээ. Үүний 281 сая ам.долларыг нь экспортоос, 491 сая ам.долларыг нь импортоос хуримтлуулсан байна.
 
Экспортын гол нэрийн бүтээгдэхүүнийг эрдэс, үнэт ба хагас үнэт чулуу, зоос, түүхий болон боловсруулсан арьс шир, ангийн үс, нэхмэл бүтээгдэхүүн, гоёлын зүйлс эзэлж байгаа юм.