Цахилгааны төлбөрөө хуваан төлж болно
2015/12/10
Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг шөнийн цагаар 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой зарим айл өрх өмнөх сарын цахилгааны төлбөрөө хэсэгчлэн төлөх боломжтой болсныг эрчим хүчний хорооноос мэдэгдлээ.
Ингэхдээ айл өрхүүд хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн ажилтантай уулзаж, авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ хийснээр үлдэгдэл төлбөрийн 30 хувийг урьдчилан төлж гэрлээ залгуулж болно. Ийнхүү гэрээний төлбөр төлөгдөж байгаа тохиолдолд та цахилгааны өртэй ч цахилгаанаа таслуулахгүй байх боломжтой болжээ.
Эрчим хүчний хөнгөлөлтөд хамрагдах аймгуудын жагсаалт
Төвийн бүсийн эрчим хүчний системд нийслэл Улаанбаатар хотоос гадна Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Орхон-Уул, Хэнтий гэсэн арван гурван аймаг харъяалагддаг. Тиймээс нийслэлээс гадна дээрхи 13 аймгийн гэр хорооллын иргэд шөнө хэрэглэсэн цахилгааныхаа үнийг 50 хувь хүртэл бууруулах боломжтой юм.