VTV үзэгчдийнхээ тоогоор 6-д жагслаа
2015/12/14
Нээлтээ хийгээд 2 сар гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж буй VTV HD телевиз нь өнгөрсөн 11-р сарын телевиз үзэгчдийн дунд явуулсан судалгаагаар 6-8 дугаар байранд оржээ. Уг судалгааг байгууллагуудын дүнгээр болон нийт үзэгчдийн тоогоор жагсаасан байна.
Монголын телевизийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, цоо шинэ контентуудаараа өрсөлдөж буй тус телевизийн шинэлэг хөтөлбөрүүд үзэгчдийн анхаарлыг татаж буйг тус судалгааны байгууллагуудын дүн харуулж байна.
Максима судалгааны байгууллага 11дүгээр сарын судалгааны тайландаа VTV-ийг хамгийн богино хугацаанд рейтингээ өсгөсөн ТВ боллоо гэж онцолсон байна.
Энэ талаар тус телевизийн гүйцэтгэх захирал Э.Ганболор: “Нээлтээ хийгээд удаагүй ч үзэгчдийн үзэх дуртай ТВ болж байгаад маш их баярлаж байна. Манай хамт улам их урам зоригтойгоор ажиллаж байгаа. 12-р сар гараад бид "Мастер тогооч" өрсөлдөөнт шоу, "Хамтдаа" ОАК мөн шинэ жилд зориулсан олон сонирхолтой үзүүштэй хөтөлбөрүүдийг үзэгчиддээ зориулан бэлтгэн хүргэж байна. Ирэх сард үзэгчдийн маань тоо улам ихээр өсөх байх гэдэгт найдаж байна” гэж өөрийн хувийн нүүр хуудсандаа бичсэн байна.