Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад алдаа гаргавал газар нутгаа алдана
2015/12/16
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.4 тэрбум долларын санхүүгийн гэрээг Монголын Засгийн газар болон Рио-Тинто компани өчигдөр байгуулчихлаа.
Ингээд удтал хүлээлгэсэн далд уурхайн бүтээн байгуулалтыг ирэх оны эхний хагасаас эхлүүлэхээр Оюутолгой компани бэлтгэл ажилдаа орсон байгаа ажээ. Нийтдээ 5-7 жил үргэлжлэх далд уурхайн бүтээн байгуулалт эхэлбэл 3000 гаруй хүн ажлын байраар хангагдана гэсэн тооцоо судалгааг урьдчилан гаргасан юм байна. Уг ажлын хүрээнд жил бүр дунджаар 1.2 тэрбум ам.доллар Монголд орж ирэх боломжтой гэжээ.
Ингэснээр хувь нийлүүлэгчдийн дунд үүсээд байсан маргаан, үл ойлголцол бүхэн эцэслэгдэж байгаа юм байна.
Тодруулбал энэ зээлийг дэлхийн 15 банкнаас авах юм. Тэгэхээр Оюутолгойг барьцаалан “ломбарданд” тавьсан гэсэн үг.
Өнөөгийн байдлаар дэлхий улс, орнуудын уул уурхайн төсөл хөтөлбөрүүд үндсэндээ зогссон байдалтай байгаа. Гэхдээ манай улсын Оюутолгойн төсөл ямартай ч зогсолтгүй үргэлжилсээр байгаа билээ. Тухайлбал өнгөрөгч есөн сарын байдлаар Оюутолгой манай улсын төсөвт 250 сая ам.долларыг татвар болгож оруулсан байна.
Мөн 800 сая ам.долларын бэлтгэл ажил хийгдэж дотоодын эдийн засагт зарцуулагдсан аж.
Гэхдээ далд уурхайн бүтээн байгуулалт гэдэг нь асар их зээл учир бид өрөнд унахгүйгээр, ажиллах л хэрэгтэй байгаа. Хэрэв өрнөөс гарч дийлэхгүй нөхцөл үүсвэл өрийн хямралд орсон дэлхийн улсуудын тоонд орох эрсдэл бас бий.
Шинжээчдийн дүгнэлтээс харахад ДНБ-ий 30 хувиас давсан, Гадаад худалдааны алдагдал нь ДНБ-ий 5 хувиас давсан, Өрийн эргэн төлөлтийн хэмжээ нь төсвийн орлогын 10 хувиас давсан байвал аюуйлтай аж.
Мөн дэлхийн “Jubilee Debt Campaign”-ын шинжээчдийн тодорхойлолтоос харахад “Монголчууд гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг хичээж байгаа. Байгалийн их баялагтай учир тэд ойрын жилүүдэд 1 тэрбум доллар орчмыг зээлэхээр төлөвлөсөн байна. Гэвч тэдний үндэсний валют болох төгрөгийн ханш эрчимтэй унаж байгаа. Хэрвээ өмнөх жилүүдэд тохиосон эдийн засгийн өсөлтийн үе төгсгөл болж байгаа бол энэ нь хүнд цохилт болно гэжээ”
Зах зээлийн нийгэмд өр тавьж, зохистой зөв зарцуулвал хөлжих, баяжих боломжтой хэмээн өнгөрсөн хугацаанд манайхан нэлээд зүтгэсэн байдаг. Үүний нэгэн адил улс маань ч өр тавьж “томрох төлөвлөгөө” боловсруулан ийнхүү зээл авсаар байгаа юм. 1.5 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийн хугацаа хаяанд иржээ.
Үүнээс гадна манай улс Хөгжлийн банкаар дамжуулан зарцуулалт хийсэн хоёр тэрбум 80 сая ам.долларын зээлийн өр буй болжээ. Мөн 30 тэрбум иенийн зээлийг ч орхиж болохгүй. Тодруулбал, Хөгжлийн банкны зээлсэн 580 сая ам.долларыг 5.75 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээлсэн бөгөөд 2017 оны гуравдугаар сард эргэн төлөх юм.
“Чингис бонд”-ынх 2018 оны нэгдүгээр сард эхний 500 сая ам.долларын зээлийн өрийг төлж эхлэнэ. Харин нэг тэрбумынх нь 2022 оны арванхоёрдугаар сард төлөгдөх гэнэ. Үүний дараа Самурай бондын төлөлт орж ирэх бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөхөөр гэрээ хийжээ.
Ингэхээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эрчимтэй ажиллуулж, өндөр ашиг хүртэн, ажлын байр олноор бие болгож, цаашлаад үүгээр дамжуулан эдийн засгаа сэргээхээс өөр сонголт үгүй болжээ гэсэн үг. Тиймдээ ч далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд хазгай гишгэх эрх алга. Хэрвээ харилцан тохиролцсон ёсоор өөрт болоод, Рио-Тинтод ашигтайгаар ажиллаж, эр орныхоо эдийн засгийг сэргээж чадахгүйд хүрвэл асар их өрийг төлж дийлэхгүй, цаашлаад газар нутгаа алдана.
Н.Ганаа
Зочин · 2015/12/18
Энэ гэрээг узгэлэхэд оюу толгойн хувьцаа биш рио-тинтогынихувьцаа осоод бга ямар учиртай вэ нэг угэжр хэлбэл сайханбилэг тэргуутэй да ганболд бямбасацхан тэргуутэй луйварчид монголын баялагыг гадныхантай нийлж рио тинтод тус болж монголын баялагыг барьцаанд тавьсан бна энэ монгоор рио тинто оорсдоо зээлийг ашиглах болно тиймээс 2016сонгуулын дараа дээрх гэрээг узгэлсэн сайханбилэг баярцогт нарыг монголын хилээр гарахыг хорих хэрэгтэй тэд сонгуульд ялагдвал гадагш зугтана с.баяр шиг