Сүүлийн үед манай улс ев соёлоороо Гиннесийн амжилтыг эвдэнэ гэх болж. Өнгөрсөн жил 6000 бөх барилдуулж Гиннест бүртгүүллээ гэж байсан. Саяхан баяр наадмын өмнөхөн 5000 биелээч нэг дор биелгээ бүжиглэж Гиннесд буртгүүллээ.

Харин одоо 3000 морины уралдаан зохион байгуулж Гиннесийн номд бичүүлэхээр болсон гэнэ. 

Бөх барилдаж, бүжиг бүжиглэх ч яахав Монголын өв соёл гэдэг утгаараа бүртгүүлж болох байх. Хамгийн гол нь амь насанд эрсдэлтэй биш. Харин хурдан морины уралдаан хэдийгээр Монголын эрийн гурван наадмын нэг ч гэсэн хамгийн эрсдэлтэй тэмцээн. Жил бур л наадмаар хурдан морь унаач хүүхэд бэртэж гэмтэн амь насаа алдах нь ч их байна. 

3000 бүү хэл, 200 гаруй морь уралдахад л хичнээн хүүхэд бэртэж, насан туршдаа тахир дутуу болж, хичнээн хүүхдийн амь нас хохирч байгаа билээ. Гэтэл 3000 гэдэг дэндүү их тоо. Айж байна. Монголын хойч ирээдүй болсон хичнээн хүүхэд энэ үеэр бэртэж, амь насаа алдах бол гэж. Тэгээд энэ үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж, Ерөнхийлөгч өөрийн биеэр морь унаж, төрийн их тугийг залж оролцоно хэмээн хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр мэдээлж байсан. Харин Ерөнхийлөгч өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Ерөнхийлөгчийн ивээл, 3000 морины уралдаан, Гиннесийн ном гэдэг шиг худал яриа гарав. Ивээл гэвэл Тамгын газраас шийдвэр гардаг. Тийм шийдвэр гараагүй’’ гэсэн байна. Яах гэж улсынхаа Ерөнхийлөгчийн нэрийг барьж, эрсдэл ихтэй наадмыг зохион байгуулах гэсэн юм бол оо.

Гэхдээ Ерөнхийлөгч өө, хэдийгээр та энэ үйл ажиллагаанд оролцохгүй ч гэсэн Монгол иргэнийхээ амийг хамгаалж, дорвитой шийдвэр гаргаж өгмөөр байна. Гиннесийн номд бүртгүүлэх гэж 3000 хүүхэд эрсдэх вий дээ. Хүний амь гэдэг чинь ийм хямдхан болсон гэж үү. Монголчууд нэг уралдаанаар олон хүүхдийн амийг өргөсөн гэдгээр гиннесийн амжилтыг эвдчих вий дээ.

Энэ үйл ажиллагааг дэмжиж Морин спорт, уяачдын холбооны салбар холбооны 21 аймаг, 360 гаруй сумын уяачид хурдан хүлэг морьдоо уяж оролцох юм гэнэ. Наадам зугаа цэнгэлдээ яасан дуртай улс вэ. Бүхий л аймаг, сумд нэгдсэн байх юм.

Амь насаараа дэнчин тавьж уралдсан хурдан морь унаач хүүхдүүдэд Монголын морин спорт уяачдын холбоо, дэлхийн Гиннесийн байгууллагын хамтарсан дурсгалын алтан медаль өгнө гэнэ. Хүний амьны дайтай яасан үнэтэй медаль гэгч вэ.

Яг л ийм үед Ерөнхийлөгч та хэрэгтэй цагт хэрэгтэй шийдвэр гаргаж баймаар байна. Үнэндээ энэ номд орлоо гээд шагнал урамшуулал гэж байдаггүй гэсэн. Харин ч эсрэгээрээ мөнгө төлдөг аж. Хумсаа урт ургуулж, хэдэн цагаар тасралтгүй үнсэлцэж, эсвэл хэн хамгийн хол шүлсээ нулимсан бэ, завсаргүй хэхэрсэн зэрэг ялих, шалихгүй зүйлээр олны чихийг сортойлгодог энэ номонд орох гэж 3000 хүүхдийнхээ амь насаар дэнчин тавих хэрэгтэй гэж үү.

Хэдэн зуун дамжин уламжлагдаж ирсэн эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдаан,. тэгсэн тэгээгүй Дэлхийн гайхамшиг хэвээр л байх болно. Хамгийн гол нь энэ номонд орохын тулд 3000 хүүхдийнхээ амиар туг тахимааргүй байна.

Жил бүр амжилт нь шинэчлэгддэг эл номд дахиад хэдэн ч хүн, ямар ч “үзүүлбэрээ’’-р мөнхөлж болно. Хамгийн гол нь Монгол хүүхдүүдийн амь насыг золиосолж мөнхөлмөөргүй байна.

Г.Хишигсүрэн