Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2011 онд гаргасан судалгаагаар манай улс хамгийн бохир агаартай улс орнуудын жагсаалтыг тэргүүлсэн байдаг. Төв Азийн цээжнээ хоёр их гүрний дунд орших цөөхөн хэдэн Монголчууд бид ийнхүү хорт утаагаар амьсгалах болсоор цөөнгүй жилийг үджээ.

Бидний дунд  агаарын бохирдлоос үүдсэн өвчин эмгэгээр амь насаа алдах иргэдийн тоо  нэмэгдсээр л байна. Бид энэ удаад агаарын бохирдлоос үүдсэн өвчин эмгэгийн талаар хөндлөө.

Хүний хамгийн үнэтэй зүйл бол эрүүл мэнд байдаг. Та эд зүйлээ алдвал багыг алдсанд тооц, эрүүл мэндээ алдвал бүхнээ алдсанд тооц гэсэн үг бидэнд нэгийг бодогдуулах юм. Амьд амьтан бүхний эрүүл явах үндэс бол цэвэр агаараар амьсгалах. Хүний амьсгалын эрхтнүүд нь байгалиасаа өөр хоорондоо холбогдож, бие махбодио хамгаалахаар заяасан байдаг аж. Гэтэл агаарын бохирдол, хүрээлэн буй орчны өөрчлөлтийн нөлөөгөөр уг үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрээд байна. Бид хоол идэлгүйгээр хэдэн хоног болж чадах ч хүчилтөрөгчгүйгээр хэдхэн хором ч байж чадахгүй билээ.  

Сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж буй агаарын бохирдлын улмаас  хүн амын дунд амьсгалын замын өвчнүүд түгээмэл тохиолдох болсон нь жил бүрийн судалгаагаар харагдаж байгаа юм.  Ялангуяа  хүүхэд, өндөр настнууд, дархлаа султай, архаг хууч өвчтэй хүмүүс амьсгалын замын өвчинд илүү өртдөг болохыг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын Статистикийн  мэдээгээр Улаанбаатар хотод амьсгалын эрхтний өвчлөл нийт өвчлөлийн 23.4-24.4 хувийг эзэлж байна.  

Тодруулж хэлвэл, 2007 оны байдлаар амьсгалын тогтолцооны өвчин 10000 хүн амд 729,69 байсан бол 2010 он гэхэд уг тоо 954,82 болж нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж, хүн амын дунд өвчлөл өссөөр байгаа юм. Сүүлийн таван жилийн байдлаар л гэхэд манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судас болон амьсгалын замын өвчлөл орсон нь агаарын бохирдлоос үүдэлтэй аж.   

Агаарын бохирдлоос үүдсэн өвчлөлөөр өндөр настан, дархлаа султай хүмүүсээс гадна хүүхдүүд өвчлөх нь түгээмэл байдаг. Тухайлбал, хөдөөгийн хүүхдүүдийг бодоход хотын хүүхдүүд гуурсан хоолойн үрэвсэл өвчнөөр өвчилсөн тохиолдол 5-15 дахин их байдаг судалгаа гарчээ. Үүний гол шалтгаан нь мөн л бохир агаараар амьсгалснаас үүдэлтэй аж. Мөн агаарын бохирдлоос үүдээд зүрхний булчингийн агшилт, зүрхний цохилт олшрох зэрэг хандлагууд иргэд, олон нийтийн дунд нэмэгдсээр байгаа юм.

Өдгөө дэлхий дахинаа жил бүр 10 сая хүн хорт хавдраар өвчилж, 7 сая хүн нас барж байгаа гэх тоо баримтыг  ДЭМБ –аас мэдээлсэн.   Манай улсын хувьд  100.000 хүн амд ноогдох  хорт хавдрын  өвчлөл  2007 онд 128,95 байсан  2010 онд 160.63 болж, нас баралт  94,4- 105,18 болж өссөн байна.

 Хүн амын нас баралтын шалтгаанд цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдар болон осол гэмтлийн шалтгаант нас баралт жил ирэх бүрт нэмэгдэж байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал болоод байна. Тиймээс бид энэ тал дээр анхаарч, үр дүн бүхий тодорхой ажлуудыг хийх хэрэгтэй юм. Тэгэхгүй бол өвчлөл энэ жил дахин хэдэн хувиар нэмэгдлээ, үүнээс үүдсэн нас баралтын хувь ч өслөө гээд л яриад сууж болохгүй шүү дээ. Энэ асуудалд төр засгаас арга хэмжээ авч, иргэд өөрсдөө ухамсартай хандах цаг болжээ. Хүн бүрийн мэдэж буй асуудлыг ярих биш тодорхой ажлуудыг нэн даруй эхлүүлэх хэрэгтэй байна. 

Б.Хорлоо