2013 оны Төсвийн тухай хуулиар замыг нь зааж “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулчихсан.

Үүнд: 2012 оны аравдугаар сарын 25-ний өдөр батлагдсан уг хуулийн өөрчлөлтөөр “Мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвараас чөлөөлнө.

Албан татвар ногдуулах мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг тодорхойлохдоо албан татвар төлөгчийн тухайн банкин дахь нийт хадгаламжийн хүүгийн орлогыг хасч тооцно” гээд заачихсан аж.

Энгийнээр тайлбарлавал, бүх гадаад иргэдийн хадгаламж, мөн 100 саяас дээш төгрөгийн хугацаагүй хадгаламж, 100 саяаас дээш нэг жилээс доош хугацаатай хадгаламжаас татвар авахаар болсон.

Үүнийг нөгөө талаас нь ойлговол 100 саяаас доош бүх хугацаагүй хадгаламж, 100 саяаас дээш дүнтэй бөгөөд хугацаа нь нэг жилээс дээш бол татвар төлөхгүй юм.

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах систем дэлхийн өндөр орлоготой ихэнх улсад хэрэгждэг. Манай улсын хувьд эдийн засгийн өсөлт саарсан, хадгаламжийн хэмжээ бага байгаа, иргэдийн орлого зарлагын харьцаа сайнгүй энэ цаг үед хэрэгжүүлж эхлэх нь иргэд, харилцагчид санхүүгийн хүндрэл бий болгох, банкин дахь эх үүсвэрээ буцаан татах гэх мэт сөрөг үр дагаварыг үүсгэж болзошгүй байх тул хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах хугацааг дахин сунгах саналыг Монголын банкны холбооноос гаргасан.

Тус саналын дагуу Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан байна. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед хуралдаанд оролцсон гишүүд зарчмын санал гаргаагүй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Батцогт тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул олонхийн саналаар хуулийн төслийг батлав.

Ингэснээр иргэн таны хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахааргүй болж байгаа юм.

Т.Буянаа