Хайрын нулимс /сургамжит өгүүллэг/
2015/12/27
Эмээ гэртээ иртэл хайртай ач охиноо цурхиран уйлж байхыг олж харлаа. Бүсгүй уйлсан учир шалтгаанаа дэлгэхийг хүссэнгүй. Гэвч хэрэгт дуртай эмээ нараас юм нуухын аргагүй. Маш удаан гуйлгуулж, загнуулсаны эцэст бүсгүй зовлонгоо хуваалцлаа. Тэрбээр найз залуутайгаа муудалцсан юм байж л дээ. Бүсгүй бодохдоо, эмээ нь одоо түүнийг тайвшруулж: “Ийм өчүүхэн зүйлийн төлөө нулимс урсгалаа”, “Түүнийг хая. Түүнээс сайн залууг олно”, “ Тэр чиний нэг нулимсны ч үнэд хүрэхгүй” гэж хэлэх байх гэтэл, эмээ нь харин ч эсрэгээр, инээмсэглэснээ ийнхүү хэллээ:
- Чи үүнд тэгтлээ их шаналах хэрэггүй дээ. Харин хүссэн хэмжээгээрээ уйлж болно. Чиний нулимс хайрыг чинь улам бат бөх болгоно.
Бүсгүй гайхаж, нулимс дүүрэн нүдээрээ эмээ рүүгээ хартал.
- Чамд яаж тайлбарламаар юм бэ дээ. Чи цаг хугацааг ус гээд төсөөлдөө. Хэрвээ чиний хайр нялуун, чихэр ихтэй байсан бол цаг хугацаа өнгөрөх тусам үгүй болох байсан. Учир нь чихрийг ус руу хийвэл уусан алга болдог шүү дээ. Аажмаар чи амтанд нь дасаж, амтыг ч мэдрэхээ болино. Харин энэхүү хайхрамжгүй байдал нь хайрыг үгүй болгодог. Харин хайр чинь замдаа саад тотгор, хэрүүл маргаан, нулимс зэрэгтэй учирвал өөр хэрэг. Энэ бүгд устай нийлэхээр даршлагддаг. Энгийн нэг өргөст хэмх хоёр хоногийн дараа гэхэд хөгзөрч мууддаг бол даршилсан өргөст хэмх хэд дахин илүү хугацаанд хадгалагддаг. Тиймээс чиний нулимс хайрыг даршилж, хадгалагдах хугацааг нь уртасгахад хэрэгтэй. Тэгээд ч нулимсгүй жинхэнэ хайр гэж байдаггүй юм. Энэ бол түүний салшгүй нэг хэсэг.
Харин энэ удаад эмээ ач охиндоо үгээр тайлбарлахгүйгээр цаас авч нугалаад, нулимсны дусал мэт хэлбэрээр хайчлаад ач охиндоо өглөө. Бүсгүй хайчилсан нулимсыг дэлгэтэл алган дээр нь цаасан зүрх гараад ирэх нь тэр.