Асрамжийн газруудын төсөвт анхааръя
2013/02/18
Манай улсын хүн амын 2.8 хувь буюу 69.2 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас 55.2 хувь нь эрэгтэйчүүд, 44.8 хувь нь эмэгтэйчүүд, 35.5 хувь нь төрөлхийн, 64.5 хувь нь олдмол шалтгаан буюу ахуйн болон үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан байна.
Хөдөлмөрийн насны 82645 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20.7 хувь нь хөдөлмөр эрхэлж байна.
Асрамжийн газар гэхээр Батсүмбэрээр бид ойлгодог. Ингэж бодвол бас үгүй. Сар шинийг тохиолдуулан “Батгэрэлт Ирээдүй” ТББ-ын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрыг зорьсон юм. Төрийн ачаанаас үүрэлцэж яваа гэхэд буруудахгүй уг байгууллагаар зочлоход халуун дулаан уур амьсгал угтаж авсан. Томоохон асрамжийн газар биш ч гэсэн тус тусын авсаархан өрөөнүүдэд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Нийгэмшүүлэх хөтөлбөрийг байнга хэрэгжүүлдэг. Анх нэрээ бичиж чаддаггүй хүмүүс одоо нэрээ бичиж сураад зогсохгүй ойр зуурын зүйл уншиж бичиж сурсан гэнэ. Мөн үүний зэрэгцээ бариа заслын сургалтад их хамруулдаг гэнэ.
Тус асрамжийн газар асруулагч А.Арилдийгаас цөөн зүйл тодрууллаа.
-Таныг сургалтад сууж байгаа гэх юм?
-Би Монголын үндэсний хараагүйчүүдын холбооны зургаан сарын бариа заслын сургалтад сууж байгаа. Энэ гуравдугаар сард төгсөнө. Их юм сурсан. Хүн аливаа зүйлд сэтгэл гаргаж хандвал болдог юм байна. Би ангийнхаа хамгийн ахмад настай нь. Миний голч дүн 89 хувьтай. Багш нар маань намайг их л магтаж бусдад үлгэр жишээ мэтээр хэлдэг.
-Асрамжийн газрынхаа тухай ярьвал?
-Бидэнд их тус болдог. Шинийн 1-ний өдөр бид яг л хамаатан садан шиг л золгодог. Халуун дулаан ам бүл гэхэд болон. Хөгжлийн бэрхшээлтэй бидэнд найр тавих хүн цөөхөн шүү дээ. “Батгэрэлт Ирээдүй” төрийн бус байгууллагуудын харъяа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын захирал Г.Розагаас тодрууллаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?
-Манай асрамжийн газар монголд ганц гэхэд болно. Төрийн ачаанаас үүрэлцэж яваа төрийн бус байгууллага. Бид 2011 онд анх Батсүмбэрийн асрамжийн газраас 15 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Одоо бол 40 орчин хөгжлийн бэрхшээлтэй иргэнд асаргаа явуулж байна.
-Өнөөдөр шинийн 2-ны өдөр. Хэрхэн баярлаж байна?
-Манайд 80 гарсан настан хоёр байгаа. Бид яг л гэр бүл шиг л баярладаг. Битүүнд хамт битүүрч, шинийн 1-ний өглөө золголтоо хийж баярласан.
-Асрамжийн газрын гол ажилтан нийгмийн ажилтан байдаг. Танайд хэдэн нийгмийн ажилтан ажилладаг вэ?
-Ном журмаар бол хоёр байх ёстой. Гэхдээ нэг нийгмийн ажилтан ажиллаж байна. Ажлын зар өгөхөд хүмүүс ирдэг боловч манай нөхцөл, цалингийн хэмжээнээс болоод ордоггүй. Давж боломгүй өндөр тоо хэлээд л яваад өгдөг. Манай сарын цалин 150-250 мянган төгрөг байдаг. Гэхдээ бид олон хүн нийгэмшүүлж гаргасан. Бариа заслын сургалтад сургаж, удахгүй гар урлалын сургалт явуулах гэж байна.
-Төрөөс санхүүгийн ямар туслалцаа, дэмжлэг үзүүлдэг вэ?
-2008 онд батлагдсан журмын дагуу л тусламж үзүүлдэг. Яг үнэндээ энэ нь юу ч болдоггүй. Нэг иргэн өвдөх тохиолдолд эм хэрэглэх мөнгийг жилийн 23 мянгаар бодож олгодог. Гэтэл хэрэг дээрээ бол үүнээс илүү мөнгө зарцуулдаг шүү дээ. Махны мөнгийг 4500 төгрөгөөр боддог. Харин өнөөдөр мах хэдэн төгрөгийн үнэтэй байгаа билээ. Бидний энэ жилийн төсөв аравдугаар сард дууссан. Одоо байгаа энэ байрыг сарын сая төгрөгөөр түрээсэлдэг. Түрээсийн төлбөрийг засаг дарга төлж тус болж байгаа.
-Өнөөдрийн байдлаар ямар ямар асуудлууд тулгамдаж байгаа вэ?
-Байртай болох л хэрэгтэй байна. Бас хотоос зайдуу газартай болж аж ахуй эрхэлвэл өөр олон иргэнд асаргаа явуулж болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ирээд “Надад очих газар байхгүй ээ. Би эндээс явахгүй” гээд суухад бид хөөж чадахгүй. Тийм эрх байхгүй. Хэлээд байвал олон л зовлон бий. Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газарт шинэчлэх зүйл олон байна.
Аль 2008 онд батлагдсан журам өдийг хүртэл өөрчлөгдөөгүй. Тухайн үеийн үнийн ханшаар тогтоогдож байсан үнэ өнөөдөр тэнгэр газар шиг л өөр болсон. Аймгийн асрамжийн газрууд өнөөдөр хүртэл уг журмаар санхүүжиж байгаа. Жишээ дурдвал энэ газруудын нэг хүний хоолны зардлыг тооцохдоо өдөрт 300 грамм махаар бодож 1350 төгрөг, сард 40500 төгрөг олгодог юм байна.
Г.Золбоо