“Их газрын чуулган” олон улсын соёл урлагийн наадам болно
2013/08/12
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт агсны санаачилсан “Их газрын чуулган” олон улсын соёл урлагийн наадам, уулзалт, форум энэ сарын 17-19-ний хооронд “Наранцацралт сан”-гийн 10 жилийн ойн хүрээнд Дундговь аймгийн Гурван сайханд зохион байгуулагдах гэж байна. Тэрээр өчигдөр уг наадмын талаар мэдээлэл хийсэн бөгөөд уг хэвлэлийн хуралд Ардын уран зохиолч П.Бадарч, “Монголын ардын дууны эрдмийн чуулга”-ын гоцлол дуучин С.Цогтсайхан, “Наранцацаралт сан”-гийн захирал Н.Соёмбо, Гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг нар оролцсон юм.
Хоёр жилд нэг удаа болдог энэ наадмыг Монголын зохиолчдын эвлэл, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Дундговь аймгийн хүүхэлдэйн театр хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “Их газрын чуулган”-д “Монголын ардын дууны эрдмийн чуулга”, “Болор цом”-ын шагналт яруу найрагчид болон орон нутгийн театруудын уран бүтээлчид оролцох аж. Энэхүү урлагийн наадмын хүрээнд уртын дууны уралдаан болох бөгөөд одоогийн байдлаар 200 орчим уртын дуучид оролцохоор бүртгүүлжээ. Уг уралдаан нь мэргэжлийн болон ардын авьяастан гэсэн хоёр ангилалд шилдэг уран бүтээлчдийг тодруулна. Түүнчлэн наадмын гурван өдөр Монгол айрагны баяр, “Галын дөл өөдөө” гал тахих ёслол, хөтөлбөрт шоу цэнгээн, “Дуртмал сайхан” Ж.Дорждагвын 110 жилийн ойд зориулсан сэдэвчилсэн номын үзэсгэлэн зэрэг ардын урлаг, үндэсний зан үйлийн олон сайхан арга хэмжээ болох ажээ.
Дундговь аймагт болох энэхүү наадам нь наймдугаар сарын 16-19-нд үргэлжлэх бөгөөд “Наранцацралт сан”-гаас жил бүр зохион байгуулдаг тус наадам Дундговь аймгийн уугуул, 20-р зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит “Задгай театр”-т болох юм. “Задгай театр”-ыг сонгох болсон шалтгаан нь уртын дуу, ардын урлаг байгальтай нягт холбоотой байдгийг харуулах гэсэн санаа юм. “Их газрын чуулган”-ыг зорьсон уран бүтээлчдийн цуваа наймдугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос хөдлөх гэнэ.