Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэг­жүүлж, орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш хоёр гаруй сарын хугацаа өнгөрч байна.

Гэтэл өчигдөр ипотекийн зээлийг Хаан болон Худалдаа хөгжлийн банкнаас бусад банк зогсоосон байгаа талаар сураг гарсан.  Эх сурвалж “Дээрх хоёр банкаас бусад нь найман хувийн зээлийг олгохгүй байна. Учрыг лавлахад найман хувийн зээлтэй холбоотойгоор банкны ачаалал ихэссэн, санхүүжилтгүй байна” гэж буй юм. Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тог­толцоог бий болгох хөтөлбөрийн хэрэгжилтийг 35 хоногт харахад өмнө олгосон ипотекийн зээлээс 788.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт бан­куудад ирсэн аж. Үүнээс банкууд 14620 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэх, орон сууцны ипо­текийн 412.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлээд байгаа гэнэ.

Ийнхүү найман хувийн зээлийг банкууд олгохгүй байгаа гэдэг нь үнэн эсэхийг  арилжааны банкууд болон Монголбанкнаас  тодруул­лаа. Энэ талаар Улаанбаатар хотын банкны зээлийн мэргэжил­тэн “Зээлийн хэрэгжилтийг түр хугацаанд зогсоож байна. Гэхдээ бүр биш түр хугацаанд гэж ойл­гох хэрэгтэй. Учир нь ачаалал маш их байна. Энэ үүднээс зээлийг түр хугацаанд зогсоож ачаал­лыг бууруулах шаардлага бай­на. Үүнийг иргэдийн хүсэлтээс хамаарч байна гэж ойлгож болно. Тухайлбал нэг иргэний хүсэлтийг ачаалалтай үед аваад байвал, бусад иргэд хохирох асуудал гарч болзошгүй. Гэхдээ түр хугацаанд зээлийг зогсоосон ч өмнө нь зээлд хамрагдахаар хүсэлт ирүүлсэн иргэдийн зээлийн асуудлыг шийдэх боломжтой. Ха­рин зээлийг зогсоосноос хойш ирсэн иргэдийн хүсэлтийг  хүлээн авахгүй” гэлээ. Түүнчлэн дээрх мэдээллийн дагуу Хаан банкны салбараас зээлийн олголтыг зог­соосон эсэхийг тодруулахад “Найман хувийн хүүтэй зээлийг одоохондоо өгөх боломжгүй байна. Учир нь зээлийн санхүүжилт дуусаж байгаа бололтой юм шиг байна. Гэхдээ зээлийг энэ сарын 20-ноос хойш дахин хэрэгжүүлж эхлэх байх. Ерөнхийдөө шийдвэр гараагүй боловч бид зээлийн хэрэгжүүлэлтийг түр зогсоосон” гэв. Дээрх банкуудын хувьд зээлийн хэрэгжилтээ түр хугацаанд зогсоосон боловч удахгүй үйл ажиллагаа­гаа хэвийн явуулах болно гэдгийг хэлж байсан. Түүнээс гадна Төрийн банкны зээлийн мэргэжилтний хэлж буйгаар мөн л дээрх банкуудтай адилхан бай­гаа. Гэхдээ энэ талаар нарийн мэдээлэл алга. Найман хувийн зээл цаашид ямартай ч хэвийн үргэлжлэх болно. Түр хугацаанд ачааллыг бууруулах үүднээс ийм арга хэмжээ авч байгаа гэдгийг хэллээ. Энэ мэтчилэн банкуудын ачаалал ихэссэнээс үүдэлтэй зээлийг түр зог­соосон талаар Монгол банкны олон нийттэй харилцах албанаас лавлахад “Манайх банкуудын сан­хүүжилтийг хариуцдаг. Бидэнд ямар нэгэн байдлаар санхүүжилт байхгүй болсон зэрэг зүйл байхгүй. Найман хувийн хүүтэй зээлийг түр хугацаанд зогсоож бай­гаа банкуудын хувьд өөрсдийнх нь дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал” гэлээ.

Худалдаа хөгжлийн банк, Хас, Го­ломт банкуудын хувьд зээлийн явц хэвийн байгаа аж. Тухайлбал Голомт банкны хувьд хөтөлбөр эхэлснээс хойш 1200 гаруй иргэнд шинээр зээл олгож, 4200 гаруй иргэний хүсэлтийг найман хувийн зээл рүү шилжүүлжээ. Нөгөөтэй­гүүр тус банкны маркетингийн захирал Н.Очирхуяг “Манай банкны хувьд зээлийг хэвийн нөхцөлд иргэдэд олгож байгаа. Ямар нэгэн байдлаар санхүүжилт байхгүй, дотоод зохион байгуулалтаас болж зээлийг түр хугацаанд зогсоосон зэрэг зүйл байхгүй” гэв.

 

Найман хувийн зээлтэй холбоотой иргэд ингэж ярьж байна.

 

Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Сүхболд: ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХГҮЙ ГЭЖ БАЙНА

 

Бид сар гаруй хугацаанд найман хувийн хүүтэй зээлийг хөөцөлдөж байна. Хуучин байр сонирхож байгаа. Гэр хороо­лол хотын төв гэлтгүй. Саяхан байрны үнэ судлаад явж байхад нэг метр квадрат нь нэг сая 600 мянга байсан байр одоо нэг сая 800 мянга болжээ. Нэг, 15, 16, 3, 4 дүгээр хороололд байрны үнэ судалсан. Арав хоногийн дотор байрны үнэ өссөн бай­на. Нөгөөтэйгүүр байрны зээл­тэй холбоотой банкуудад хандахаар манайх хариуцахгүй гээд өөр банк зааж өгөх юм. Банкны эдийн засагчид нь хүсэлт хүлээн авахгүй гэж байна. Мөн лавлагаанууд их удаан гарч байна. Тухайлбал үл хөдлөх хөрөнгийн лавлагаа байна. Зээлийн урьчилгааны хувьд ч хүндрэлтэй зүйл байна. 90 сая төгрөгийн урьдчилгаа гэхээр 27 сая гаруй төгрөг болж байгаа юм. Бидэн шиг залуу хүмүүст энэ асуудлыг шийднэ гэдэг хүнд байна. Аав, ээжийнхээ байрыг барьцаалж байж зээлд хамрагдах гэж байгаа.

 

Чингэлтэй дүүргийн иргэн Ш.Байгальмаа: БОЛОМЖТОЙ БОЛ ХАМРАГДАХ ХҮСЭЛ БАЙНА 

 

Найман хувийн хүүтэй зээлийг сонирхож үзсэн. Гэх­дээ дээрх зээлийн хувьд хүн болгонд хүрч чадахгүй урьдчилгаа өн­дөр санагдсан. Зээлд ихэвчлэн төрийн албан хаагч зэрэг тогтмол цалинтай хүмүүс хамрагдаж байгаа бололтой. Уг нь урт хугацааны зээл гэх боловч жилийн урьдчилгаа нь өн­дөр байгаа юм. Нөгөө-тэйгүүр зээлийг залуус их сонирхож байгаа бололтой. Түүнчлэн зээлд тэр барагийн хүмүүс хамрагдах боломжгүй юм шиг бай­на. Миний хувьд ямар бичиг баримт бүр­дүүлж, зээлд хамрагдах талаар тодор­хой мэдээлэл алга. Гэхдээ боломж гарвал хамрагдах хүсэл­тэй бай­на. Зарим банкууд зээлийн хэрэг­жил­тийг түр хугацаанд зогсоосон гэж бай­на. Яг хэзээнээс эргэж зээлийг олгож эхлэх нь тодорхой бус байгаа бололтой.

 

Т.Болорцэцэг